Эх үрийн нандин холбоог илэрхийлсэн хөшөө ЭХЭМҮТ-д сүндэрлэв
Төрийн шагналт, Ардын зураач Д.Амгалангийн “Ээжээ сайн байна уу” бүтээлээр ЭХЭМҮТ-ийн цэцэрлэгт хүрээлэнд хөшөө босголоо.
Эх үрийн нандин холбоог илэрхийлсэн энэхүү бүтээлийг ЭХЭМҮТ-ийг үүсгэн байгуулсны 90 жил, Монгол Улсын Хүүхдийн анхны эмнэлгийн түүхт 90 жилийн ойн босгон дээр 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хөшөөт цогцолбор болгожээ.
ЭХЭМҮТ-ийн захирал Ш.Энхтөр хөшөөт цогцолборыг нээх үеэр хэлэхдээ, “Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв түүхт 90 жилийн хугацаанд ард түмнийхээ өмнө байгуулсан түүхэн гавьяаг мөнхжүүлэх үүднээс хамт олноороо Ардын зураач Д.Амгалангийн “Ээж ээ, сайн байна уу” бүтээлээр хөшөөт цогцолбор байгууллаа. Эх үрийн нандин холбоог харуулсан энэ хөшөөг хойч үедээ ч сануулж байх үүднээс бүтээсэн болно” хэмээн тодотгов.
Тус төвд жилд 40 мянга гаруй эх хүүхэд хэвтэн эмчлүүлдэг. Амбулаторийн үзлэгээр 210 мянга гаруй эх, хүүхэд хамрагддаг бөгөөд жилд 12 мянган эх амарждаг байна.
Ташрамд дурдахад, энэхүү хөшөөг өмнө нь Дорнод аймгийн төв дэх "Найрамдал" цэцэрлэгт хүрээлэнд босгож байжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.