Анагаах ухааны салбарын Нобелийн шагналтнууд тодорчээ

Анагаах ухааны салбарын Нобелийн шагналтнууд тодорчээ

Америкийн эрдэмтэд болох Харви Альер, Чарльз Райс, мөн Их Британийн вирус судлаач Майкл Хоутон нар энэ оны физиологи, анагаах ухааны салбарын Нобелийн шагналын эздээр тодорлоо.

Нобелийн хорооны мэдэгдэлд дурдсанаар, гепатит С вирусийг нээснийх нь төлөө тэдэнд энэхүү нэр хүндтэй шагналыг олгожээ. “Түүхэнд анх удаа гепатит С вирусийг одоо эмчилдэг боллоо. Анагаах ухааны салбарын шагналын эздийн нээлт нь элэгний архаг үрэвслийн үлдсэн шалтгааныг олж илрүүлж, сая сая хүний ​​амийг аварсан цусны шинжилгээ, шинэ эмийг нэвтрүүлэх боломжийг олгосон” гэж Каролины анагаах ухааны хүрээлэнгийн дэргэдэх Нобелийн хорооны төлөөлөгчид мэдэгдсэн байна.

ДЭМБ-ын мэдээллээр, 2016 он гэхэд 71 сая хүнд архаг гепатит С вирусийн халдвартай гэж оношлогджээ. Гепатит гэдэг нь "элэгний үрэвсэл" гэсэн үг юм. Энэ нь тийм ч айдас төрүүлэх өвчин биш боловч гурван эрдэмтний нээсэн вирус нь элэгний хатуурал, хорт хавдар үүсгэдэг аж. Жилд 400 мянга орчим хүн гепатит С вирусийн хүндрэлээс болж нас бардаг байна. 

Зарим халдварт гепатит нь цус болон биеийн бусад шингэнээр дамждаг болохыг эрдэмтэд 1940-өөд оны үед тогтоожээ. 1960-аад оны үед Америкийн эрдэмтэн Барух Блүүмберг гепатит В вирусийг нээсэн бөгөөд түүн мөн Нобелийн шагнал олгосон юм.

1901 оноос Нобелийн шагналыг олгож эхэлснээс хойш хамгийн түрүүнд физиологи, анагаах ухааны салбарын шагналтнуудын нэрсийг тодруулдаг уламжлалтай. Мягмар гарагт физикийн салбарын, лхагва гарагт химийнх, пүрэв гарагт уран зохиолын салбарын Нобелийн хорооны шийдвэрийг зарлах бол баасан гарагт Осло хотноо Энх тайвны Нобелийн шагналтан тодрох юм. 1968 онд Шведийн Төрийн банкны бий болгосон, Альфред Нобелийн нэрэмжит эдийн засгийн салбарын шагналын эзэн энэ сарын 12-ны өдөр тодорно.

2020 оны шагнал гардуулах ёслолын ажиллагаа цар тахлын улмаас хэлбэр нь өөрчлөгдөж, цахимаар болно гэж хэвлэлүүд мэдээлжээ.  Энэ жилийн шагнал тус бүрийг 10 сая швед крон /нэг сая орчим ам.доллар/ дагалдана.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.