БНАСАУ стратегийн шинэ зэвсэг үзүүлж магадгүй гэж таамаглаж байна
БНАСАУ-ын Хөдөлмөрийн нам байгуулагдсаны 75 жилийн ойг тохиолдуулан 10 дугаар сарын 10-нд зохион байгуулах цэргийн жагсаалын үеэр тус улс стратегийн шинэ зэвсэг үзүүлж магадгүй гэж БНСУ-ын Үндэстнээ нэгтгэх яам мэдээлжээ.
“Энэ долоо хоногт Умард Солонгост цэргийн томоохон хэмжээний жагсаал, мөн энэхүү чухал өдөрт зориулсан бусад арга хэмжээ болох төлөвтэй байна. Энэ үеэр тив хоорондын баллистик пуужин, шумбагч онгоцноос харвадаг баллистик пуужин гэх мэт стратегийн шинэ зэвсгийг үзүүлж магадгүй” гэж Өмнөд Солонгосын яамны мэдэгдэлд дурджээ. Ийм алхам нь БНАСАУ-д дэлхий нийтийн анхаарлыг хандуулах зорилготой гэж тус яам онцлон тэмдэглэсэн байна.
БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун шинэ жилийн баярын мэндчилгээ дэвшүүлж үг хэлэхдээ дэлхий дахинд “стратегийн шинэ зэвсгээ” энэ жил үзүүлнэ гэж мэдэгдсэний зэрэгцээ Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлаар АНУ-тай хийж буй хэлэлцээнд ахиц гарахгүй байгаад сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн юм.
АНУ, БНАСАУ-ын түүхэн дэх анхны хэмжээний уулзалт 2018 оны зургадугаар сарын 12-нд Сингапурт болсон билээ. Уулзалтын үеэр БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга Ким Жөн Ун, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар хамтарсан тунхаг бичигт гарын үсэг зурсан юм. Тухайн үед Вашингтон аюулгүй байдлын баталгаа олгосных нь хариуд БНАСАУ Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах үүргийг хүлээсэн юм. Гэвч 2019 оны хоёрдугаар сард Ханойд хийсэн хоёр дахь дээд хэмжээний уулзалт үр дүнгүй өндөрлөсөн юм.
2019 оны зургадугаар сарын 30-нд хоёр улсын удирдагчид мөн хоёр Солонгосын хилийн Панмүнжом тосгонд богино хэмжээний уулзалт хийж, ажлын түвшний яриа хэлэлцээгээ сэргээхээр тохиролцсон боловч хожим нь Стокхольмд болсон ажлын хэсгийн уулзалт үр дүнд хүрээгүй байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.