Италид сураггүй болсон БНАСАУ-ын төлөөлөгч асан БНСУ-д амьдарч байгаа гэв

Италид сураггүй болсон БНАСАУ-ын төлөөлөгч асан БНСУ-д амьдарч байгаа гэв

Итали улсад 2018 онд сураггүй болсон БНАСАУ-ын дипломат албан тушаалтан асан Жо Сун Гил Өмнөд Солонгост нууцаар оршин сууж байгаа тухай Өмнөд Солонгосын хэвлэлүүд мэдээлжээ. Жо Сун Гил нь Умард Солонгосоос Италид сууж байсан элчин сайд юм байна.

Тэрбээр 2018 оны 11 дүгээр сард албан томилолт нь дуусахын өмнөхөн эхнэрийн хамт сураггүй болжээ. Түүнийг аль нэг гуравдагч улсаас орогнох зөвшөөрөл авсан гэж таамаглаж байсан юм байна. Харин Өмнөд Солонгосын хэвлэлүүд түүнийг өнгөрсөн 2019 оны 7 дугаар сард Сөүлд нууцаар ирсэн тухай нэрээ нууцалсан эх сурвалжийн өгсөн мэдээллийг иш татан мэдээлжээ.

Одоогоор Жо Сун Гил нь Өмнөд Солонгосын эрх баригчдын хамгаалалт дор, Умард Солонгосын тухай судалгаанд дүгнэлт хийдэг, засгийн газрын нэгэн хүрээлэнд ажиллаж байгаа аж. Түүний охиныг Италиас Умард Солонгос руу буцаасан учраас Жо Сун Гил Пхеньяныг ил тод шүүмжилдэг идэвхтэн болохгүй болов уу гэж хэвлэлүүд таамаглаж байна.

Өмнөд Солонгосын гадаад харилцааны яам ч тэднийг ирсэн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэж мэдэгджээ. 2016 онд Умард Солонгосоос Лондонд сууж байсан элчин сайд Тэ Ён Хо мөн Өмнөд Солонгост очсон байна. Тэрээр энэ оны 4 дүгээр сард болсон парламентын сонгуульд өрсөлдөж, Өмнөд Солонгосын парламентын гишүүн болсон юм байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.