БНАСАУ тив хоорондын шинэ баллистик пуужин үзүүлжээ
БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын 75 жилийн ойд зориулан Пёньян хотод зохион байгуулсан цэргийн жагсаалын үеэр тус улс тив хоорондын шинэ баллистик пуужин үзүүллээ. Баярын жагсаалыг бямба гаргийн орой БНАСАУ-ын Төрийн телевизээр дамжуулсан байна.
Шинэ пуужингийн хийц нь АНУ-ын эх газрын аль ч хэсэгт хүрэх чадалтай, 12874 км-ийн тусгалтай “Хвасон-15” пуужинг санагдуулж байгааг Сөүл дэх цэргийн шинжээчид онцолжээ. Шинэ пуужингийн хэмжээ томорсон нь илүү ашигтай ачаа буюу нэмэлт төөрөгдүүлэх хэрэгсэл болон пуужингийн довтолгооноос хамгаалах хэрэгслээс бултах хэд хэдэн цэнэгт хошуу тээх чадалтайг харуулж байж магадгүй гэж үзэж байна.
Цэргийн жагсаалын үеэр мөн Өмнөд Солонгосын шинжээчдийн үзэж байгаагаар, шумбагч онгоцноос харвах боломжтой "Пуккыксон-4А" пуужинг үзүүлжээ.
БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Ун цэргийн жагсаалд оролцогчдод хандан үг хэлэхдээ, тус улсад аливаа аюул заналын эсрэг тогтоон барих хэрэгсэл бий гэж мэдэгдээд Засгийн газар тогтоон барих хүчээ бэхжүүлсээр байна гэж онцлон тэмдэглэсэн байна. Үүний сацуу тэрбээр БНАСАУ-ын цэргийн хүч нь зөвхөн өөрийгөө хамгаалах зорилгоор үйлчилдэг гэдгийг цохон тэмдэглэжээ.
Тэрбээр мөн БНАСАУ-ын иргэдийн эх оронч үзлийн ачаар тус улсад “Ковид-19”-ийн халдварын тохиолдол бүртгэгдээгүй болохыг мэдэгдэв. Үүнээс гадна, Ким Жөн Ун БНСУ-д өвчний тархалтыг даван туулахыг хүсээд, тус улсын иргэдийг "бидний хайртай өмнөд солонгос нөхөд" гэж нэрлэжээ. Тэрбээр үг хэлэхдээ АНУ-ыг огт дурдаагүй байна.
Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг (KCNA) шинэ зэвсгийн талаар мэдээлэхдээ БНАСАУ стратегийн цөмийн зэвсгээ үзүүллээ гэж мэдээлжээ.
БНАСАУ өнгөрсөн оны 12 дугаар сард “Сохэ” сансрын буудалд хоёр ч удаа туршилт хийсэн юм. Тухайн үед БНАСАУ-ын эрх баригчид туршилтууд стратегийн цөмийн хориглох хүчийг улам бэхжүүлэхтэй холбоотой гэж тэмдэглэж байв. Харин БНСУ-ын эрх баригчид БНАСАУ-ыг пуужингийн хөдөлгүүр туршсан байж магадгүй гэж мэдэгдэж байсан юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.