Нидерландад коронавирусээр дахин халдварласны дараа нас барсан анхны тохиолдол бүртгэгджээ
Коронавирусээр дахин халдварласныхаа дараа нас барсан анхны тохиолдол Нидерландад бүртгэгджээ.
Нидерландын “BNO News” агентлагийн мэдээлж байгаагаар, өмнө нь хорт хавдартай болох нь тогтоогдсон 89 настай эмэгтэй нас баржээ. Уг эмэгтэй долоодугаар сард эмнэлэгт хүргэгдэж, шинжилгээгээр коронавирус илэрчээ. Халдварын шинж тэмдэг арилснаас тав хоногийн дараа түүнийг эмнэлгээс гаргасан байна.
Хоёр сарын дараа уг эмэгтэй өндөр халуурах, ханиалгах шинж тэмдэгтэй эмнэлэгт дахин хүргэгдэж, дахин коронавирусний шинжилгээ өгөхөд халдвартай гарчээ. Найм дахь өдөр нь түүний бие муудаж, үүнээс хоёр долоо хоногийн дараа нас барсан байна. Вирусний генийн дараалал нь түүнийг дахин халдвар авсныг баталгаажуулжээ.
“BNO News” агентлагийн мэдээлж буйгаар, одоогийн байдлаар дэлхий даяар коронавирусээр дахин халдварласан 23 тохиолдол бүртгэгдсэн байна. Анхны тохиолдол наймдугаар сарын 24-нд Хонконгт бүртгэгджээ. Коронавирусээр дахин халдварласан 20 өвчтөн эдгэрсэн бол хоёр хүн эмчилгээгээ үргэлжлүүлж байгаа аж.
Сүүлийн нэг сард Нидерландад өдөрт илэрсэн халдварын тохиолдлын тоо тогтмол өсөх хандлага ажиглагдсан байна. Даваа гарагт 6854 хүний шинжилгээний хариу халдвартай гарсан нь нэг өдрийн өмнөхөөс 500 орчмоор их үзүүлэлт аж. Коронавирустэй холбоотой нөхцөл байдал Нидерландын эрх баригчдыг ихээхэн түгшээж байна. Долоо хоногийн өмнө тус улсад хязгаарлалтын хэд хэдэн арга хэмжээ авсан бөгөөд мягмар гарагт чангатгах төлөвтэй байгаа юм.
Нидерландад коронавирусний халдварын анхны тохиолдол хоёрдугаар сарын 27-нд бүртгэгджээ. Одоогийн байдлаар халдвар авсан хүний тоо 181 мянга даваад байгаа бол 6500 гаруй хүн нас баржээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.