Хятад улсад 3000 жилийн настай эртний бөмбөг олджээ

Хятад улсад 3000 жилийн настай эртний бөмбөг олджээ

БНХАУ-ын Шинжаан Уйгарын өөртөө засах орны нутагт археологичид Еврази дахь хамгийн эртнийхэд тооцогдох гурван бөмбөг олжээ. Эрдэмтдийн үнэлснээр, эдгээр нь 2.9-3.2 мянган жилийн настай аж.

Journal of Archaeological Science: Reports” сэтгүүлд мэдээлснээр, эдгээр бөмбөг Евразийн нутаг дэвсгээрээс өмнө нь олдож байсан ижил төрлийн олдвор болон бөмбөг бүхий янз бүрийн дүрслэлээс таван зуун жилийн өмнөх үеийнх гэнэ. Одоогоор нүүдэлчид бөмбөгөөр хэрхэн тоглодог байсан нь нууц хэвээр байна гэж археологийн судалгааны багийн ахлагч Швейцарын Цюрихийн их сургуулийн археологич Патрик Вертманн ярьжээ.

Түүхчид бөмбөгтэй тоглоом, наадгай эртний Египет, Төв  Америкийн нутаг дэвсгэрт 4.5 – 3.7 мянган жилийн өмнө үүсэж, эртний египет, маяачууд тоглодог байсан гэж үздэг. Хожим нь буюу 2.5 – 2.2 мянга жилийн өмнө эртний грек, хятадууд ижил төрлийн тоглоом, наадгайг зохиожээ. Харин Вертманн тэргүүтэй судлаачдын нээсэн энэ олдвор Евразийн нутаг дэвсгэрт бөмбөгтэй тоглоом түүхчдийн үзэж байснаас ч эрт үүссэнийг баталж байна. Шинжаан Уйгарын баруун хэсэгт орших Янхай булшийг археологичид хагас зуун жил шахам судалж байгаа бөгөөд үүнээс өмнө тэд өдгөө хамгийн эртнийхэд тооцогдож буй нум, өмд олж байжээ.

Энэхүү булшнаас хамгийн сүүлд гурван арьсан бөмбөг, үзүүрийг нь тахийлгасан хэд хэдэн урт саваа илрүүлжээ. Саваа нь бөмбөгнүүдийг бодвол илүү хожуу үеийнх буюу МЭӨ IX-VIII зууны үеийнх гэнэ. Бөмбөгнүүд бүгд морьтон дайчдын булшнаас олдсон нь тэд бэлтгэл хийхдээ ашигладаг байсан байж магадгүй гэж эрдэмтэд таамаглаж байна. Тухайн үед нүүдэлчид Төв Азийн нутгаар тархан нүүдэллэж эхэлсэн бөгөөд үүний ачаар бөмбөгтэй наадгай өргөн тархсан байх боломжтой гэж археологичид үзэж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.