Халимын гулгидас олсон хүн саятан болжээ
Тайванийн Ланюй арлын оршин суугч Ли гэгчийн наран шарлагын газар олсон кашалот халимын гулгидас зургаан сая тайвань доллар буюу 210 мянган ам.доллароор үнэлэгджээ.
“Taiwan News” хэвлэлд мэдээлснээр, Ли хар өнгийн, анхилуун үнэртэй чулуу олж, гэртээ авчирсан байна. Найзынхаа зөвлөснөөр тэрбээр дөрвөн кг жинтэй олзныхоо хэлтэрхийг Гаосюны үндэсний их сургуульд шинжилгээнд өгчээ. Тус их сургуулийн биологич Ченг Ши Ие энэхүү чулуу нь кашалот халимын гулгидас болохыг тогтоосон байна. Энэ нь маш ховор бөгөөд үнэтэй олдвор гэнэ.
Эрдэмтний хэлснээр, энэхүү олдворыг “хөвдөг алт” буюу кашалот халимын гулгидас гэдэг бөгөөд далайн энэ амьтны хоол боловсруулах эрхтэнд үүсдэг байна. Кашалот халимын гулгидсыг үнэртэн үйлдвэрлэхэд ашигладаг гэнэ.
Зах зээл дээр нэг кг халимын гулгидасны үнэ 50 мянган ам.долларт хүрдэг байна. Ли уг олзоо худалдаж, олсон мөнгөө гэр бүлдээ зарцуулахаар төлөвлөж байгаа аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.