Зургаан аймаг сар шинээр ОРОХ, ГАРАХ хөдөлгөөнийг хязгаарлав
Эрүүл мэндийн яамны хоёрдугаар сарын 17-нд хийсэн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй мэдээллийн үеэр ОБЕГ-ын дарга, Бригадын генерал Т.Бадрал “Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах 546 ангийг бэлэн байдалд шилжүүлж, 462 төлөвлөгөөнд тодотгол хийлээ. Хэсэгчилсэн өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллаж байна. Шаардлагатай бол орон нутгийн замын хөдөлгөөнийг хааж магадгүй. Аймаг, орон нутгийн онцгой комисс сумуудад хөл хорио хязгаарлалт хийх хэрэгтэй байгаа” гэж мэдэгдсэн билээ.
Тэгвэл орон нутгийн зам хаахтай холбоотойгоор зарим аймгийн Засаг дарга нар захирамж гаргаж, сар шинийн өдрүүдээр тухайн аймаг, сум руу орж, гарах хөдөлгөөнийг хязгаарлахаа мэдэгдээд байна.
ЗАМ ХААСАН АЙМГУУД
- Увс аймгийн Онцгой комисс 2020.02.17-нд хуралдаж, хоёрдугаар сарын 17-26-ны өдрийг дуустал Улаангом сумаас гарах болон орох замын хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргалаа.
- Дундговь аймгийн Онцгой комисс 2020.02.18-нд хуралдаж, хоёрдугаар сарын 21-27-ны өдрийг хүртэл аймаг, сумын төвөөс гарах, орох иргэд, автомашины хөдөлгөөнийг хязгаарлалаа.
- Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг дарга 2020.02.17-нд захирамж гаргаж, Хамарын хийд, Хан Баянзүрх хайрхан чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг гуравдугаар сарын 2-ны өдрийг дуустал хязгаарлахаар шийдвэрлэв.
- Архангай аймгийн Засаг дарга 2020.02.18-нд захирамж гаргаж, аймаг, сумын төвөөс гарах, орох иргэд, автомашины хөдөлгөөнийг хоёрдугаар сарын 21-27-ны өдрийг дуусталх хугацаанд хязгаарлалаа.
- Говь-Алтай аймгийн Онцгой комисс 2020.02.18-нд хуралдаж, хоёрдугаар сарын 21-27-ны өдрийг хүртэл аймаг, сумын төвөөс гарах, орох иргэд, автомашины хөдөлгөөнийг хязгаарлалаа.
- Ховд аймгийн Засаг дарга 2020.02.18-нд захирамж гаргаж, 2020 оны хоёрдугаар сарын 21-26-ны өдрийг дуустал аймаг, сумын төвөөс гарах, орох иргэд, автомашины хөдөлгөөнийг хязгаарлалаа.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.