Хотоос орох, гарах хөдөлгөөнийг хаах асуудлыг хэлэлцэж байна

Хотоос орох, гарах хөдөлгөөнийг хаах асуудлыг хэлэлцэж байна

Улсын онцгой комиссоос шинэ төрлийн коронавирусийн халдвараас сэргийлэх үүднээс өндөржүүлсэн бэлэн байдалд /хэсэгчлэн/ шилжүүлээд байгаа билээ.

Монгол Улсын Засгийн газраас хөл хорионы дэглэмийг дахин нэг сараар сунгах асуудлыг өнөөдөр /2020.02.19/-ийн хуралдаанаараа хэлэлцэж байгаа бөгөөд сар шинийн баярын өдрүүдэд хотын орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлах асуудлыг ярилцаж байна. 

Гэхдээ эцсийн шийдвэрийг Улсын Онцгой комисс гаргах юм. 

Засгийн газрын Хэвлэлийн албаны дарга Ц.Ганзориг "Бүх төрлийн боловсролын байгууллагын үйл ажиллагааг гуравдугаар сарын 30-ныг хүртэл хязгаарлахаар сунгав. Улаанбаатараас орох гарах замыг шинийн 1-4-нийг хүртэлх өдрүүдэд хааж, олны хөл хөдөлгөөнийг хязгаарлах эсэх асуудлыг Улсын онцгой комисс шийдвэрлэнэ" гэж мэдэгдлээ. 

Онцгой байдлын ерөнхий газраас өгч буй мэдээллээр хэрэв орон нутгийн замыг хаахаар болбол хэсэгчилж хаахгүй, бүрэн хаах юм байна. Хэрэв шийдвэр гарвал сар шинийн өдрүүдэд буюу 2020.02.21 - 2020.02.26 /шинийн 4/ хүртэл ЗАМ ХААХ юм.

Одоогийн байдлаар дараах аймгууд сар шинийн өдрүүдээр орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргаад байна.


ЗАМ ХААСАН АЙМГУУД
 

  • Увс аймгийн Онцгой комисс 2020.02.17-нд хуралдаж, хоёрдугаар сарын 17-26-ны өдрийг дуустал Улаангом сумаас гарах болон орох замын хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргалаа. 
     
  • Дундговь аймгийн Онцгой комисс 2020.02.18-нд хуралдаж, хоёрдугаар сарын 21-27-ны өдрийг хүртэл аймаг, сумын төвөөс гарах, орох иргэд, автомашины хөдөлгөөнийг хязгаарлалаа. 
     
  • Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг дарга 2020.02.17-нд захирамж гаргаж, Хамарын хийд, Хан Баянзүрх хайрхан чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг гуравдугаар сарын 2-ны өдрийг дуустал хязгаарлахаар шийдвэрлэв.
     
  • Архангай аймгийн Засаг дарга 2020.02.18-нд захирамж гаргаж, аймаг, сумын төвөөс гарах, орох иргэд, автомашины хөдөлгөөнийг 2020 оны хоёрдугаар сарын 21-27-ны өдрийг дуусталх хугацаанд хязгаарлав.
     
  • Говь-Алтай аймгийн Онцгой комисс 2020.02.18-нд хуралдаж, хоёрдугаар сарын 21-27-ныг өдрийг хүртэл аймаг, сумын төвөөс гарах, орох иргэд, автомашины хөдөлгөөнийг хязгаарлалаа.
     
  • Ховд аймгийн Засаг дарга 2020.02.18-нд захирамж гаргаж, 2020 оны хоёрдугаар сарын 21-26-ны өдрийг дуустал аймаг, сумын төвөөс гарах, орох иргэд, автомашины хөдөлгөөнийг хязгаарлав.

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.