Ашгаа хуваарилж буй компанийн үйлдлийг улс төрийн өнцгөөс харах шаардлагагүй

Ашгаа хуваарилж буй компанийн үйлдлийг улс төрийн өнцгөөс харах шаардлагагүй

“Эрдэнэс-Таватолгой” компани ногдол ашиг тараах болсон мэдээ монголчуудын чихэнд хоёр янзаар “наалдав”. Нэг хэсэг нь сонгуулийн усалгаа, санал худалдаж авах арга гэж бувтнав. Арга ч үгүй юм сонгуулийн өндөр мэдрэмжтэй манайхны хувьд цаг хугацааны давхцалаас харахад ингэж ойлгохоос өөр аргагүй. Нөгөө хэсэг нь “Ашгүй дээ, ард  түмний хувьцааг нь эзэмшдэг хамгийн том компани ашиг хүртээх нь” гэж шаагив. Дэлхийн зах зээл дээр хөл тавих хүлээлттэй компани байгуулагдсан цагаасаа хойш 10 жилийн дараа ашигтай ажилласан учраас бизнесийн үр шимээсээ хүртээж байгаа гэж нэг хэсэг нь ойлгосон. Энэ нь ч зөв. Чухамдаа аль ч өнцгөөс харсан төрийн өмчит компани Монгол Улсад анх удаагаа ногдол ашиг тарааж эхлэх нь. Хамгийн гол утга нь энэ. 

“Эрдэнэс-Таван­толгой” компанийг 2010 он арванхоёрдугаар сарын 07-ны өдөр байгуулж байлаа. Тодруулбал, УИХ-ын 39, Засгийн газрын 272 дугаар тогтоолоор байгуулагдсан энэ компани  “савангийн дуурь” шиг “амьдрал” туулсан нь бидний өмнө ил байсан.

Гаднын “BHP Billiton” компанийн халаасанд багтах байсан ч гологдох хувь заяан дээр очиж төрд нэг, хувьд нэг “өшигчүүлсээр” өнөөгийн өнгө төрхөө цогцлоосон юм. Цогцлоох хүртэлх зам нь тийм ч дардан байсангүй. Хятадын зах зээлд Монголын нүүрсний үнэ унахтай зэрэгцэн манайхан дотооддоо улс төрийн “тэвэг” болгосоор нэгэн цагт цалингаа тавьж ч чадахгүй баларч явсан түүх бий. Үүний сацуу компани дотно, гаднын олон компанид өр төлбөрт унаж, ухаандаа “өрөндөө баригдаж, өтөнд идэгдсэн” газар байв. Ийм хүнд нөхцөлийг даван туулж хардлага сэрдлэгийн мөнхийн тэмцэл дунд ногдол ашиг тараачихна чинээ санасан хүн нь хэд байсан бол.

Тус компанийн үйл ажиллагааны санхүүгийн үр дүн ийнхүү өсч БНХАУ-ын “Чалко” компанид төлөх өр төлбөрийг бүрэн барагдуулж, тус компанид нэг тонн нүүрсийг 59.0 ам.доллароос 63.0 ам.долларт хүргэж өсгөж борлуулсан. Бусад компаниудад нээлттэй сонгон шалгаруулалтаар нэг тонн нүүрсийг 68 ам.доллараас өсгөж 71.25 ам.долларт хүргэн худалдсан байдаг. Үүний зэрэгцээ нүүрсний зах зээлийн таатай байдал, нүүрсний зах зээлийн үнэ ханш өндөр байсан зэрэг хүчин зүйлс нөлөөлсөн юм.

Энэ мэтчилэн түүх дурсвал хэдэн 10 хуудас шаардагдах нь лав. Тиймээс түр азная. Чухамдаа Дарханы замаас дутуугүй хэл ам дундуур туулж ирсэн компани өнөө бидэнд ногдол ашгаа тарааж байгаа шүү гэдгийг л ойлгуулах гэж бодсон минь энэ. Ногдол ашиг нь аль нэг компани олсон ашгаасаа хувьцаа эзэмшигчдэдээ тарааж байгаа хэлбэр юм. Магадгүй тараахгүй ч байж болно. Тараахгүйгээр бүтээн байгуулалт, шинэ хөрөнгө оруулалтдаа зарцуулж ч болох. Өнгөрсөн жил “Эрдэнэс-Тавантолгой” компани яг ингэж шийдээд дэд бүтцийн бүтээн байгуулалтдаа зарцуулсан. Хэрэв уншигч та санаж байгаа бол Тавантолгой-Зүүнбаян, Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт, боловсруулах үйлдвэр, тоног төхөөрөмжийн шинэчлэл, уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх бүтээн байгуулалтын олон ажил хийгдсэн. Тэр үед улс төржсөн шийдвэр гаргаж иргэдийн мөнгийг хувааж идлээ гэж одоо улс төрийн оноо хөөж яваа хүмүүс цээжээ дэлдэж байсан нь хэвлэлийн хуудаснаа бат нот үлджээ. 

“Гашуунсухайт болон Зүүнбаянгийн төмөр замын бүтээн байгуулалт эрчимжсэнээр борлуулалтын орлого, худалдан авалт нэмэгдсэн. Тиймээс 15 сая тонн нүүрс борлуулж, 1.30 сая ам.долларын ашигтай ажилласан юм. Энэ бүх амжилтыг тооцоолоод нэгж хувьцааны үнийг 90 төгрөгөөр бодож тооцлоо” гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар ногдол ашиг тараах тухай мэдээллийн үеэр онцолж байв.

Хэрсүү уншигч та нэг зүйлийг санахад илүүдэхгүй. Ногдол ашиг тараах, тараахгүй тухай маргаан өрнөж байсан нэг жилийн өмнө Төлөөлөн удирдах зөвлөлөөрөө нэгж хувьцаанд оногдох ногдол ашгийг 25 төгрөг гэж тооцож байв шүү. Нийт 1072 ширхэг хувьцаа нийлээд 26 мянга орчим төгрөг болох байж. Цээжээ дэлдсэн улстөрчдийн өнгөнд хууртсан бол 2.5 сая хувьцаа эзэмшигч бүгд хохирох байсан нь дэндүү үнэтэй биш гэж үү.

“Эрдэнэс-Тавантолгой” компани 2019 онд түүхэндээ байгаагүй өндөр борлуулалттай ажилласан нь тэдний гүйцэтгэлээс тод харагддаг. Энэ компани нэг тэрбум ам.долларын борлуулалтын орлого олж, цэвэр ашиг нь нэг их наяд төгрөгт хүрэв. Олборлолтын хэмжээ 16.1 сая тоннд хүрч, улсын төсөвт 660 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ. Аль хэдийнээ Монгол Улсын эдийн засагт жин дараад эхэлсэн гэсэн үг. Бизнесийн ямар ч байгууллага их ашигтай ажилласан жил ногдол ашиг тараах нь тодорхой. Сонгуулийн жил байна уу, үгүй юу гэдэг огт хамаагүй. Чухам яагаад ногдол ашиг тараана гэдгийг хардаж, сэрдэж хүлээж авсан бэ гэхээр өнөөх муу нэртэй төртэй холбоотой, төрийн өмчит компани учраас тэр. Гэвч хэдий болтол бид төр муу менежер биш гэж толгойгоо маажаад суух юм бэ. Сонгууль дөхсөн гээд ногдол ашгаа хав дараад өнгөрөх байсан гэж үү.

“Энэ бол мөнгө тараалт биш. Төрийн болон хувийн ямар ч компани ашигтай ажиллахад ногдол ашиг хүртэнэ гэдгийг харуулсан бодит эдийн засгийн үзүүлэлт гэж харах хэрэгтэй. Энэ бол хэрэв хувьцаа эзэмшиж байгаа бол хувьцаа эзэмшигч үр ашгаа авна гэдгийг харуулсан зүйл” гэж “Эрдэнэс-Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг ярьсан юм.

Өмнө нь 2016 оны сонгуулийн өмнөхөн “Сайн хувьцаа” гэж зүйл гарав даа. Тухайн цаг үед Шийдлийн гэх тодотголтой “шийдсэн” Засгийн газар цэвэр улстөржсөн сонгуульжсан шийдвэр гаргаж “Эрдэнэс-Тавантолгой”-н иргэн бүрд эзэмшүүлсэн 1072 хувьцаанаас 322 хувьцааг багцаар нь 300 мянган төгрөгөөр худалдаж авах шийдвэр гаргаж байлаа. Энэ бол 1.65 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүн бүхий асуудал. Нэг ёсондоо эрх баригч нам сонгуулийн мэх болгож хувьцаагаа ашигласан хэрэг. Үүнээс хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настнуудад тараасан болон оюутны сургалтын төлбөр хэлбэрээр өмнөх жилүүдэд нь авсан мөнгөн дүнг тооцвол овоо дүн гарна. “Сайн хувьцаа” нэртэй энэ хөтөлбөр алс хэтээ харсан сайн тунгаасан зүйл байгаагүй нь одоо харагддаг. Чухамдаа энэ алдаагаа давтахгүйн тулд ногдол ашиг тарааж байгаа нь энэ билээ.

Байгалийн баялагтай манайх шиг улсууд бүгд л энэ жишгийг дагадаг. Өнөө бидний баялгийн санг нь хуулах гэж буй Норвеги ч мөн адил энэ л жишгээр хөгжсөн юм. Энэ жишиг цааш хөгжсөөр Баялгийн сан гэх сонгодог утга руугаа дөхөж очсон. Дэлхий дахин одоо ч шоолон суугаа Туркменистан ч гэсэн нэгэн цагт ийм л байсан шүү дээ. Төрийн өмчит компанитай, ард иргэд нь ашигт ажиллагааных нь үед ашгаа хүртдэг ийм л тогтолцоогоор замнаж ирсэн. Далайд гарцгүй гэдэг утгаараа ихээхэн үлгэрлэх дуртай Казахстан ч бас энэ жишгээр замнасаар байна. Мэдээж явдаг процесс, шийддэг асуудал нь манай “Тавантолгой”-той ижил учраас олныг эс нуршин гол агуулга руугаа оръё.  Төр муу менежер биш аж. Тэр дундаа төрийн өмчит компани алдагдалтай ажилладаг гэсэн цөвүүн цагийн ойлголт аль хэдийнэ ард хоцорчээ. Зөв засаглаж, бодлогоо зөв баримталж чадвал бүгдээрээ ашиг хүртэж болдгийг “Эрдэнэс-Тавантолгой”-н жишээ харууллаа. Гэхдээ 90 гаруйхан мянган төгрөгөөр шилний цаанаас чихэр долоолгож байна гэж бүү бодоорой. Бүтээн байгуулалтын ажил эрчимжиж, олон улсын зах зээлд гарахын хэрээр нэгж хувьцаанд ногдох ашгийн тоо нэмэгдэнэ гэж санах хэрэгтэй. Одоо бүх зүйл эхлэх хараахан болоогүй байна. Бас сонгууль боллоо, ногдол ашиг тараалаа тэгээд “конец фильма” ч гэж бодоод хэрэггүй.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.