“Эрдэнэт” үйлдвэр гурван тэрбум гаруй төгрөгөөр 19 машин авчээ
Зах зээлийн үнээс хэт өндөр үнээр автомашин худалдан авдаг дуулиан “Эрдэнэт” үйлдвэрээр үргэлжлилж байна. Энэ оны наймдугаар сарын 14-ний өдөр “Баганадант” ХХК руу “Лексус” загварын автомашины өглөг гэх утгаар 440 сая төгрөг шилжүүлжээ. Гэвч тухайн автомашиныг борлуулсан “Баганадант” ХХК нь автомашин худалдан борлуулдаг компани биш бөгөөд барилга засварын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж. Ийнхүү тэс өөр чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагаас юуны учир ийнхүү үнэтэй автомашин худалдан авах болсон талаар “Эрдэнэт” үйлдвэрийн дарга Х.Бадамсүрэн тайлбар хийж амжаагүй байтал дахин үнэтэй машины баримт гарч ирэв.
Япон улсын “Тоёота” үйлдвэрийн Монгол дахь албан ёсны борлуулагч “Мөнххада” ХХК руу 2020 долоодугаар сарын 31-ний өдөр 2.506.700.000 төгрөгийг “Тоёота маркийн автомашины өглөг” гэсэн утгаар шилжүүлсэн байгаа юм. Гэтэл “Мөнххада” ХХК-ийн албан ёсны сайтад байршуулсан борлуулагдаж байгаа автомашины мэдээллээс харахад хамгийн үнэтэй нь 282 сая төгрөгийн үнэтэй “Ланд круйзер 200” маркийн автомашин байх юм. Ингэж 2,5 тэрбум төгрөгөөр худалдан авсан автомашины талаар “Мөнххада” ХХК-иас тодруулахад тус компанийн дэд захирал Ч.Батзориг “Нийт 2 тэрбум 800 гаруй сая төгрөгийн өртөгтэй автомашин нийлүүлэх тендерт шалгарч нийт 17 автомашиныг 2.506.700.000 төгрөгөөр нийлүүлсэн” гэсэн тайлбарыг өгсөн. Тодруулбал 2 тэрбум 854 сая төгрөгийн өртөг бүхий 17 ширхэг автомашиныг 347 сая 300 мянган төгрөгөөр хямдруулж нийлүүлсэн гэсэн үг. Эдгээр 17 машинаас 11 автомашин нь тансаг зэрэглэлийн суудлын автомашин байгаа бөгөөд зургаа нь бартаат зам, уул уурхайд хэрэглэхэд тохиромжтой хамгийн ихдээ есөн хүний суудалтай жийп автомашин байгаа юм. “Эрдэнэт” үйлдвэр эдгээр 17 ширхэг автомашинаас гадна 440 сая төгрөгөөр Лексус загварын автомашин, 295 сая төгрөгөөр “Бодиз интернэйшнл групп” ХХК-иас мөн л Ланд круйзер 200 маркийн автомашиныг худалдан авсан байна. Ковид-19 цар тахлын хүрээнд Ерөнхий сайд тансаг хэрэглээ, илүү зардлыг зогсоохыг анхааруулсан. Гэвч энэ мэтээр үнэтэй автомашиныг олон тоогоор худалдан авах, эсвэл зах зээлийн үнийг хэд дахин нугалсан өндөр үнээр худалдан авсан тохиолдлууд ил болсоор байгаа нь харамсалтай.
Мөн тус үйлдвэрийн шилэн дансны мэдээлэлд анхаарал татах бас нэгэн асуудал байна. Тодруулбал “Эрдэнэт” үйлдвэрийн Тамгын газрын дарга Д.Баярболд, Тэргүүлэх менежер Н.Энхбаатар нарын албан тушаалтны сард төлж байгаа байгаа байрны түрээс хэт өндөр байгаа юм. 2020 оны нэгдүгээр сараас эхлэн есдүгээр сар хүртлэх шилэн дансны мэдээллийг шүүж үзэхэд дээрх хоёр албан тушаалтан сар бүр байрны түрээс гэх утгатай 6-12 сая төгрөгийн зарлагыг гаргаж, бэлнээр авч байжээ.
БАЙРНЫ ТҮРЭЭС БЭЛНЭЭР ОЛГОСОН БАЙДАЛ - 141,198, 616
2020 оны НЭГДҮГЭЭР САР
- Тамгын газрын дарга Д.Баярболд-8.257.049.51₮
- Тэргүүлэх менежер Н.Энхбаатар-6.456.714.42₮
2020 оны ХОЁРДУГААР САР
- Тамгын газрын дарга Д.Баярболд-8.347.434.15₮
- Тэргүүлэх менежер Н.Энхбаатар-6.493.290.87₮
2020 оны ГУРАВДУГААР САР
- Тамгын газрын дарга Д.Баярболд-8.363.697.81₮
- Тэргүүлэх менежер Н.Энхбаатар-6.530.420.26₮ 2020 оны
ДӨРӨВДҮГЭЭР САР
- Тамгын газрын дарга Д.Баярболд-8.270.311.41 ₮
- Тэргүүлэх менежер Н.Энхбаатар-12.914.918.51₮
2020 оны ТАВДУГААР САР
- Тамгын газрын дарга Д.Баярболд-8.313.569.31₮
- Тэргүүлэх менежер Н.Энхбаатар-6.488.647.65₮
2020 оны ЗУРГААДУГААР САР
- Тамгын газрын дарга Д.Баярболд-8.358.401.85₮
- Тэргүүлэх менежер Н.Энхбаатар – 6.727.492.12₮
2020 оны ДОЛООДУГААР САР
- Тамгын газрын дарга Д.Баярболд-8.443.937.23₮
- Тэргүүлэх менежер Н.Энхбаатар-6.596.125.89₮
2020 оны НАЙМДУГААР САР
- Тамгын газрын дарга Д.Баярболд-8.601.480.13₮
- Тэргүүлэх менежер Н.Энхбаатар-6.713.337.82₮
2020 оны ЕСДҮГЭЭР САР
- Тамгын газрын дарга Д.Баярболд-8.605.399.25₮
- Тэргүүлэх менежер Н.Энхбаатар-6.716.396.64₮
Ийнхүү энэ оны эхний есөн сарын байдлаар Тамгын газрын дарга Д.Баярболд, тэргүүлэх менежер Н.Энхбаатар нар олон сая төгрөгийг түрээсийн байрны төлбөрт авчээ. Хувийн хэвшлийн байгууллагын дарга олсон орлогоосоо ийнхүү байр түрээсэлж байвал луувангаа иднэ үү, лаагаа иднэ үү хамаагүй гэх боловч төрийн өмчит үйлдвэрийн дарга нь ийнхүү “тансаглаж” байгаа нь АТГ-т шалгуулах, анхаарч хөндөх асуудал яах аргагүй мөн.
Улсын төсөв нь их хэмжээний алдагдал хүлээж, элгээрээ хэвтэх эсэх асуудал яригдаж, гадаадаас зээл аван байж төсвийн алдагдлаа нөхөхөөр улайрч байхаар энэ мэт төрийн болон төрийн өмчит үйлвэр, компаниудын удирдлага, эрх мэдэлтний тансаг хэрэглээг танасан шиг танаж, хязгаар тогтоож өгөөч Ерөнхий сайд аа.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.