Орегонд Чингис хааны үзэсгэлэнг дэлгэв
АНУ-ын Орегон муж улсын Шинжлэх ухаан, аж үйлдвэрийн музейд 13 дугаар зууны үеийн монголчуудын түүхийг харуулсан “Чингис хааны амьдрал ба өв” үзэсгэлэнг дэлгэжээ.
Энэ сарын 24-нээс нээсэн энэхүү үзэсгэлэнг үзэж сонирхсоноор Чингис хаан болон түүний угсаа залгамжлагчдын дэлхийн түүхэнд оруулсан оруулсан хувь нэмэр, тэдний нөлөө өнөөгийн монголчуудын амьдрал ахуй, соёл уламжлалд хэрхэн хадгалагдсаар байгааг танин мэдэх боломжтой ажээ.
Мөн Чингис хаан ядуу, өнчин, нүүдэлчин хүүгээс дэлхийн хамгийн өргөн уудам эзэнт гүрнийг байгуулсан түүхийг танилцуулна. Түүнчлэн түүний үр сад Энэтхэгээс Иран, Солонгосоос Хятад зэрэг орнуудын одоогийн хилийг бий болгож, Дорнод, Өрнөдийг холбосон худалдааны замуудыг нээжээ.
Номхон далайн баруун хойд бүсэд анх удаа нээж буй уг явуулын үзэсгэлэнд 300 орчим үзмэрийг дэлгэсэн бөгөөд тэдгээр зэр зэвсэг, хувцас хэрэглэл, гоёл чимэглэл, нарийн хийцтэй ховор үзмэрүүд нь домогт удирдагч болон түүний ард түмний түүхийг харуулах юм. Олон зуун жинхэнэ үзмэр бүхий энэхүү түүхэн үзэсгэлэн нь аялан үзүүлж буй ийм төрлийн хамгийн том цуглуулгад тооцогдож байна.
Мөн энэхүү үзэсгэлэнг үзэж сонирхсоноор ховор үзмэрүүдийн гайхалтай цуглуулгатай танилцахын сацуу монголчуудын өв уламжлалыг нүдээр үзэх боломжтой юм. Үзэгчид монголчуудын сууцтай танилцан аяллаа эхлүүлж, Монголын агуу эзэнт гүрний хөгжлийг харуулсан зургаан хэсгээр зочилно.
Орегон муж улсын Шинжлэх ухаан, аж үйлдвэрийн музейд 10 дугаар сарын 24-нөөс 2021 оны хоёрдугаар сарын 15 хүртэл дэлгэх “Чингис хааны амьдрал ба өв” үзэсгэлэнгийн тасалбарыг “omsi.edu” цахим хуудсаар, утсаар болон музейд биечлэн ирж худалдан авах боломжтой юм.
Үзэсгэлэнд хүлээн авах үзэгчдийн тоог одоогоор ердийн үеийн 25 хувьтай тэнцэх хэмжээгээр хязгаарлаад байгаа тул тасалбараа цахимаар худалдан авахыг зөвлөж байна. “Чингис хааны амьдрал ба өв” үзэсгэлэнг насанд хүрэгчид 12 ам.доллароор, 3-13 насны хүүхдүүд 10 ам.доллароор, 63-аас дээш насны ахмад настнууд 8 ам.доллароор үзэж сонирхох боломжтой ажээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.