Франц, Германд дахин хөл хорио тогтооно
Европ коронавирусний халдварын хоёр дахь давлагаанд өвлөөс өмнө нэрвэгдэх төлөвтэй байгаа энэ үед Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон, Германы Канцлер Ангела Меркель нар улс орондоо дахин хөл хорио тогтоохыг лхагва гарагт үүрэг болголоо.
Европын хамгийн том эдийн засагтай орнууд энэ онд дэлхийн эдийн засагт асар их хэмжээний хохирол учруулсантай тэнцэхүйц хатуу хязгаарлалтуудыг орон даяар тогтоох шийдвэр гаргасны дараа дэлхийн хөрөнгийн биржүүдийн ханш унажээ.
“Вирус бидний урьдчилан таамаглаж байсан хамгийн таагүй тооцооллоос нь хурдан тархаж байна. Манай улсад хөрш орнуудын нэгэн адил халдвар гэнэт асар хурдтай тархлаа” гэж Э.Макрон телевизээр ард түмэндээ хандан үг хэлэх үеэрээ мэдэгдсэн байна.
“Бид бүгд халдварын хоёр дахь давлагаа илүү хүнд, илүү аминд халтай байна гэдгийг мэдэж байгаа. Вирусний тархалтыг өмнө нь зогсоож чадсан хөл хориог дахин тогтоох шаардлагатай гэж би үзлээ” гэж тэрбээр нэмж хэлжээ.
Францад хэрэгжүүлэх шинэ арга хэмжээнүүдийн дагуу иргэд нэн хэрэгцээтэй хүнс худалдан авах, эмнэлгийн тусламж авах, өдөрт нэг хүртэлх цаг дасгал хийхээс бусад тохиолдолд гэртээ байх шаардлагатай. Мөн гэрээсээ ажиллах боломжгүй ажилтнуудад ажилдаа явахыг зөвшөөрнө. Харин сургуулиудыг хаахгүй ажээ.
Мөн гэрээсээ гарсан хүмүүс хаврын хүнд өдрүүдийнхтэй нэгэн адил гадуур явж байгаа шалтгаанаа тодорхойлсон баримт бичигтэй явах бөгөөд түүнийг нь цагдаа нар шалгана.
Германд А.Меркель болон бүс нутгийн удирдлагуудын тохиролцсоны дагуу шөнийн цэнгээний газар, зоогийн газар, театруудыг ирэх 11 дүгээр сарын 2-30-нд хаана. Сургуулиуд нээлттэй хэвээр байх бөгөөд дэлгүүрүүдийг хатуу хязгаарлалттайгаар үйл ажиллагаагаа явуулахыг зөвшөөрнө.
“Бид яг одоо шаардлагатай арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Манай улсын эрүүл мэндийн тогтолцоо одоогоор тулгарсан сорилтыг даван туулж байгаа боловч халдвар асар хурдан тархаж байгаагаас үзэхэд ойрын хэдэн долоо хоногт эмнэлгийн ачаалал хэтэрч магадгүй байна” гэж А.Меркель мэдэгджээ.
Францад өдөрт шинээр бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо 36 мянга давсан бол энэ оны эхээр хөрш орнуудтайгаа харьцуулахад халдвар харьцангуй бага тархсан Германд мөн халдвар авсан хүний тоо огцом нэмэгдэх болсон юм.
Лхагва гарагт Европын хөрөнгийн биржүүдийн ханш энэ оны тавдугаар сарын сүүлээс хойших хамгийн их уналтыг үзүүлжээ. Мөн АНУ-ын “S&P 500” индекс 3 хувиар буурсан байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.