“Ковид 19-ийн” халдвар авсан хүний тоо 47 сая 300 гаруй мянгад хүрчээ
"Ковид 19"-ийн халдварын тархалт олон улс оронд тэр дундаа Европын орнуудад тэсэрсэн хэвээр байна. Мөн халдвар авсан нийт хүний тоо сүүлийн мэдээгээр энэ тоо 47 сая 314 мянгад хүрчээ. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд дэлхийн хэмжээнд халдварын нийт 472 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн бол нас баралт 5700 аар нэмэгдээд байна.
Хүн амынх нь дунд хоногт хамгийн их халдварын тохиолдол бүртгэгдсэн улс орныг АНУ тэргүүлсэн хэвээр байна. Тус улсад өнгөрсөн 24 цагийн дотор халдварын нийт 89 мянга орчим тохиолдол бүртгэгджээ. Хэдийгээр ариутгал халдваргүйжүүлэлтийн дор Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтыг зохион байгуулж байгаа ч сонгуулийн дараа халдварын тархалт улам нэмэгдэж болзошгүй хэмээн мэргэжилтнүүд болгоомжлуулж байгаа.
Хоногт бүртгэгдэж байгаа халдварын тохиолдлын тоогоор Франц улс АНУ ын дараа орж байна. Өнгөрсөн 24 цагт л гэхэд тус улсад 52 мянга гаруй хүн шинэ коронавирусний халдвар авсан нь батлагдсан байна. Шинжээч мэргэжилтнүүд цар тахлын төв өнөөдөр Хойд Өмнөд Америкаас Европ руу дахин шилжсэнийг сануулж байна. Францаас гадна Испани, Итали, Их Британид халдварын тархалт өндөр байна. Үүнтэй холбоотойгоор олон орон цар тахлын эсрэг холрио цээрийн дэглэмээ чангатгаж эхэлсэн. Энэ нь олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарч байна. Үүнтэй холбоотойгоор Европын олон орны засгийн газар цар тахалтай тэмцэх амаргүй хүнд нөхцөл байдалтай тулгараад байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагынхан ч хүлээн зөвшөөрч байгаа юм.
Энэ талаар ДЭМБ-ын Онцгой байдлын хөтөлбөрийн захирал Майкл Райан, "Европын олон орны засгийн газар өнөөдөр амаргүй хүнд нөхцөлд байна. тэд вирусийг хяналтандаа авах ёстой байгаа ч авах арга хэмжээ нь үнэхээр хязгаарлагдмал байна. Хүмүүс хямарч, ядарч, хэвийн амьдралдаа эргэн орохыг юу юунаас илүү хүсч байгаа нь ойлгомжтой. Мөн засгийн газруудынхаа авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд нь үр дүнтэй эсэхийг асууж тодруулах ч эрх тэдэнд бий. Тиймээс ч засгийн газруудын зүгээс тэдний дуу хоолойг анхааралтай сонч, хүн амтай ойр холбоотой байх нь өнөөдөр чухал байна. Гэхдээ иргэд олон нийт тайван замаар, аюулгүй байдлаа хангаж, халдвар тархахаас сэргийлэн үзэл бодлоо илэрхийлэх нь ч бас чухал." гэсэн байна.
Европын Холбооны эрүүл мэндийн асуудал эрхэлсэн комиссар халдварын нөхцөл байдал хүнд байгаатай холбоотойгоор гишүүн бүх орнуудаа коронавирусний вакцинжуулалтанд шуурхай бэлтгэх шаардлага тулгарч байгааг мэдэгдсэн. Гэхдээ тэрбээр вакцинжуулалт эхлэх тодорхой хугацааг нэрлэж чадахгүй байгаагаа хүлээн зөвшөөрчээ.
Австрид өнгөрсөн мягмар гарагаас ирэх 30-ны өдөр хүртэл шинэ коронавирусний халдварын тархалтыг зогсоох зорилгоор хөл хориог тогтоосон байна. Ийнхүү цар тахал эхэлснээс хойш тус улсын эрх баригчид 2 дахь удаагаа хөл хорио тогтоох арга хэмжээ авч байна. Италийн засгийн газрын тэргүүн парламентын доод танхимын хуралдаанд оролцож үг хэлэхдээ орой үдшийн цагаар иргэдийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох, халдварын тархалт их байгаа бүс нутгуудыг тусгаарлах арга хэмжээ авахаар төлөвлөж буйгаа зарлалаа.
Мөн Италийн эрх баригчид музей, үзэсгэлэн, худалдааны төвүүдийг амралтын болон баярын өдрүүдэд хаахаа мэдэгдлээ. Үүний зэрэгцээ ахлах ангийнхний хичээлийг цахимд шилжүүлэхээ амалллаа.
Казакстаны эрх баригчид "Ковид 19"-ийн халдварын тархалтыг зогсоохын тулд улсын хил нэвтрэх журамд өөрчлөлт оруулж байгаагаа зарлалаа. Тус улсын яамд хоорондын комиссын хуралдаанаас
Казакстанд оршин суух эрхтэй болон Казакстаны иргэдтэй гэр бүл болсон гадаадын иргэдийг улсын хилээр 30 хоногт 1 удаа нэвтрэх эрхтэй байсныг 90 хоног болгож өөрчилсөн байна. Хоёрдугаарт, 57 улс орны иргэд тус улсад визгүй зорчдог байсан дэглэмийг цуцлах шийдвэрээ 2021 оны 5 дугаар сарын 1 хүртэл сунгасан байна. Гуравдугаарт, Турк Казакстаны хоорон дахь олон улсын нислэгийн тоог цөөрүүлэхээр шийдвэрлэжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.