Хунтайж Акишиног хаан ширээ залгамжлагчаар тунхаглах ёслол боллоо
Хунтайж Акишиног хаан ширээ залгамжлагчаар тунхаглах ёслолын ажиллагаа Японд ням гарагт боллоо. Ёслолын ажиллагааг Японы олон нийтийн телевиз шууд дамжуулан үзүүлэв.
Акишино эзэн хааны ордны танхимд болсон "Риккоши но рэй" хэмээн нэрлэдэг энэхүү цуврал арга хэмжээний анхны ёслолд оролцжээ. Ёслолын арга хэмжээг дөрөвдүгээр сарын хоёрдугаар хагаст явуулж, 350 гаруй хүн хүрэлцэн ирэх төлөвтэй байсан боловч коронавирусний цар тахлын улмаас олныг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хязгаарласантай холбоотойгоор хойшлуулж, оролцогчдыг тоог 50 болгож бууруулсан юм.
Ёслолын ажиллагаа 15 минут орчим үргэлжилж, Японы шинэ эзэн хаан Нарухито үг хэлжээ. Түүнчлэн Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэ ёслолд хүрэлцэн ирж, шинэ хаан ширээ залгамжлагчид Засгийн газрын нэрийн өмнөөс баяр хүргэжээ.
Өдгөө 54 настай Акишино нь 2019 оны тавдугаар сарын 1-нд хаан ширээнд заларсан Японы шинэ эзэн хаан Нарухитогийн дүү юм. Тэрбээр одоо хаан ширээнд суух эхний хүн болж байгаа бол угсаа залгамжлах хоёр дахь нь түүний хүү, 13 настай хунтайж Хишахито юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.