Жоржиа, Пенсильвани, Аризона муж улсуудад Байден, Трампын саналын зөрүү ойртжээ

Жоржиа, Пенсильвани, Аризона муж улсуудад Байден, Трампын саналын зөрүү ойртжээ

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн дүн одоог хүртэл тодорхойгүй хэвээр байна. Сонгуулийн дүн хаашаа ч эргэж мэдэх Жоржиа, Пенсильвани болон Аризона муж улсад Бүгд Найрамдах намын нэр дэвшигч Дональд Трамп, Ардчилсан намын нэр дэвшигч Жозеф Байден нарын саналын зөрүү сүүлийн хэдэн цагт нэлээд ойртжээ.

“СNN” телевизийн мэдээллээр, Жоржиа муж улсад санал хуудсын 99 хувийг тоолж дууссан байна. Хамгийн сүүлийн үеийн мэдээнээс үзвэл, тус муж улсад Трамп, Байден нарын саналын зөрүү эрс багасжээ. Хоёр нэр дэвшигч хоёул сонгогчдын 49.4 орчим хувийн саналыг авсан байна.

Жоржиа муж улсад 14 мянга орчим саналын хуудсыг тоолох дутуу үлдсэн байна. Трамп ерөнхийлөгчөөр сонгогдохын тулд энэ муж улсад заавал ялах ёстой юм. Жоржиад ялснаар ерөнхийлөгч болоход шаардагдах сонгогчдын коллегийн 270 саналын 16-г нь авах юм.

Сонгогчдын коллеги нь 20 гишүүнтэй Пенсильвани муж улсад саналын хуудсын 95 хувийг тоолж дуусжээ. Тус муж улсад Трампын саналын давамгайлал мөн огцом багасаж байна. Трамп 49.5 хувь, харин Байден 49.2 хувийн санал авчээ. Байден Пенсильванид ялбал ерөнхийлөгч болоход шаардлагатай 270 саналыг авна гэж хэвлэл мэдээллийн ихэнх хэрэгслүүд таамаглаж байна.

Жоржиа, Пеннсильвани муж улсуудын шинэ мэдээ баасан гарагт ирэх төлөвтэй байна.

Аризона муж улсад (сонгогчдын коллеги нь 11 гишүүнтэй) саналын хуудсын 90 хувийг тоолж дууссан байна. СNN телевизийн тооцоолсноор, Байден сонгогчдын 50.1 орчим хувь, Трамп 48.5 хувийн саналыг авчээ.

“Associated Press” агентлаг болон “Fox News” телевиз өмнө нь Аризонад Байден ялна гэсэн таамаглалыг нийтэлж байсан. "CNN" зэрэг нэр хүндтэй бусад хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тус муж улсын санал хураалтын дүн тийм ч тодорхойгүй байна гэж үзэж байгаа боловч Байден тэргүүлж байгааг хүлээн зөвшөөрч байгаа аж. Харин Трампын сонгуулийн штаб түүнийг Аризонад ялна гэдэг итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Невада, Аляска, Хойд Каролина муж улсуудад мөн саналын хуудсуудыг одоо хэр нь тоолсоор байна.

“Fox News” телевизийн таамаглалаар, Байден одоогийн байдлаар сонгогчдын коллегийн 264 гишүүний саналыг авсан бол Трамп 214 дэмжлэгийг аваад байгаа аж. Хоёр нэр дэвшигч хоёул Цагаан ордны төлөөх өрсөлдөөнд ялна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Хэд хэдэн муж улсад жагсаал болов

Нэр дэвшигчдийг дэмжигчид сүүлийн өдрүүдэд хэд хэдэн муж улсад эсэргүүцлийн жагсаал хийлээ. Трампыг дэмжсэн жагсаал Атланта (Жоржиа), Финикс (Аризона), Детройт (Мичиган), Филадельфи (Пенсильвани) хотуудад болсон байна. “Associated Press” агентлагийн мэдээлснээр, жагсагчид саналын хуудсуудыг шударгаар тоолохыг шаарджээ. Эсэргүүцлийн жагсаалын үеэр үймээн самуун гараагүй байна.

Финикс хотод Америкийн одоогийн удирдагчийг дэмжигч 100 орчим хүн саналын хуудас тоолж буй газрын гадна цуглажээ. Жагсагчид биедээ зэвсэг авч явж байсан байна.

Байденыг дэмжигчид Портленд (Орегон), Миннеаполис (Миннесота) хотуудад жагсаал хийв. “The New York Times” сонинд мэдээлснээр, жагсаалд оролцогчид АНУ-ын одоогийн Ерөнхийлөгчийг санал тоолох үйл явцад хөндлөнгөөс оролцох эрхгүй гэж мэдэгджээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.