Францад халдвар авсан хүний тоо хоёр сая давлаа
Европт “COVID-19” халдвар авсан хүний тоо 15 сая давсантай зэрэгцэн Францад коронавирусээр халдварласан хүний тоо хоёр сая давлаа гэж тус улсын Эрүүл мэндийн газрын дарга Жером Саломон мягмар гарагт мэдэгджээ.
Францад “COVID-19” халдварын тохиолдлын тоо 2036755-д хүрснээр уг үзүүлэлтээрээ АНУ, Энэтхэг, Бразилын араас дөрөвдүгээрт жагсаж байна” гэж Ж.Саломон мэдээлжээ. Түүний хэлснээр, халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн тоо олноор нэмэгдэж, 33500-д хүрсэн байна.
Францад өнөөдрийн байдлаар 4854 хүн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа юм. Тус улсад сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын улмаас 1217 хүн нас барсан байна. Ингэснээр халдвараар нас барсан хүний тоо 46273-д хүрчээ.
“Манай улс халдварын тархалтыг хяналтад авч байгаа боловч орон даяар хоёр дахь удаагаа тогтоосон хөл хориог сулруулах болоогүй” гэж Францын Эрүүл мэндийн сайд Оливье Веран мягмар гарагт мэдэгджээ.
Ерөнхийлөгч Эммаюэль Макроны засаг захиргаа хөл хориог ирэх 12 дугаар сарын 1 хүртэл тогтоогоод байгаа боловч халдварын үзүүлэлтүүд хангалттай хэмжээгээр буураагүй байх тохиолдолд сунгаж магадгүй байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.