Иракт “Лалын улс” бүлэглэлийн гол зохицуулагчийг баривчилжээ

Иракт “Лалын улс” бүлэглэлийн гол зохицуулагчийг баривчилжээ

Иракийн хүчнийхэн террорист “Лалын улс” бүлэглэлийн гол зохицуулагчдын нэгийг Багдад хотын олон улсын нисэх онгоцны буудал дээр баривчилсан гэж "ас-Сумария" телевиз тус улсын Зэвсэгт хүчний албан ёсны төлөөлөгч Яхья Расулын мэдэгдлээс иш татан мэдээлжээ.

Мэдэгдэлд дурдсанаар, Абу Наба гэх нууц нэрээр танигдсан уг террорист Багдад хотын захад “Лалын улс” бүлэглэлийн гишүүдийн уулзалтыг зохион байгуулах зорилгоор Иракийн нийслэлд иржээ. Нисэх онгоцны буудалд түүнийг Иракийн Терроризмтой тэмцэх газрын ажилтнууд баривчилсан бөгөөд тэд түүнийг удаан хугацаанд мөрдөж байсан байна.

Абу Наба нь “Лалын улс” бүлэглэлийн ерөнхий зохицуулагчид тооцогддог бөгөөд Иракийн аюулгүй байдлын хүчнийхэн түүнийг 2003 оноос хойш мэддэг болсон байна. Энэ үеэс тэрбээр “Аль-Каида”-гаас эхлээд “Лалын улс” бүлэглэл хүртэл хэт давруу үзэлтнүүдийн хэд хэдэн бүлэглэлийн гишүүн байжээ.

Иракт “Лалын улс” бүлэглэлийг ялсныг тус улсын эрх баригчид 2017 оны сүүлчээр мэдэгдсэн юм. Гэвч Иракийн арми олон улсын эвсэл болон ардын журамт цэргүүдийн дэмжлэгтэйгээр террористуудыг цэвэрлэх, тус бүлэглэлийн “унтаа байдалд буй сүлжээнүүдийг” илрүүлэх ажиллагаа явуулж байгаа юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.