БНСУ-аас ирэх байсан 5 иргэн халуунтай байсан тул үлдээгээд байна
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-ны мэдээллээр өнөөдөр өглөөний байдлаар БНСУ-д коронавирусний халдварын тохиолдол 284 бүртгэгдээд байсан бол мөн өнөөдрийн 16.30 цагийн байдлаар дээр тоо 433 болж нэмэгджээ.
Энэ талаар ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл, тус яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал нар өнөөдөр 17.30 цагт мэдээллээ. Тус улсаас онгоцоор Улаанбаатар рүү нисэх гэж байсан 5 иргэнийг халуунтай байсан тул саатуулсан талаар манай талд мэдээлсэн байна.
Манай улсад орон даяар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн тул томоохон эмнэлгүүдэд үзүүлэх дадлага, сургалт зохион байгуулж байгаа юм. Мөн хоёрдугаар эмнэлэгт 570 ортой тасгуудыг бэлтгэсэн. Тус эмнэлэг халдварын эрсдэл өндөр байгаа шалтгаанаар жирэмсэн ажилтнуудадаа цалинтай чөлөө олгож, ээлжээс бууж буй ажилтнуудадаа халуун хоолоор үйлчилж эхэлсэн байна.
ЭМЯ-наас коронавирусний халдвар тархалттай холбоотой цаг үеийн мэдээллийг өгч ажиллаж байна. БНСУ-д коронавируст халдвар (COVID-19)-ын тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцож, тус улсад ажиллаж, амьдарч байгаа иргэддээ 24 цагийн турш мэргэжлийн зөвлөгөө зөвлөмжийг цахимаар болон утсаар өгч нэгдсэн мэдээллээр хангаж байна гэж ЭМЯ-наас мэдээллээ.
БНСУ-аас ирэх зорчигчдод тавих эрүүл мэндийн хяналтыг чангатгаж, халдвар зеөвөрлөгдөн орж ирэх эрсдэлийг бууруулах талаар авах үйл ажиллагааны талаар ярилцаж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.