Багануурын иргэд амны хаалт үйлдвэрлэж байна
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Багануур дүүргийн ЖДҮ-ийг дэмжих төвийн оёдолчид өдөрт 1000 амны хаалт хийж дүүргийнхээ болон нийслэлийнхний хэрэгцээнд нийлүүлж байна.
Тус төвөөс гараагаа эхлүүлсэн оёдлын үйлдвэрүүд “Багануур” ХК-ийн ажилчдын нормын хувцас, дүүргийнхээ сургуулийн сурагчдын форм, биеийн тамирын хувцас үйлдвэрлэдэг болсон талаар нийслэлийн Засаг дарга С.Амарсайханыг Багануур дүүрэгт ажиллах үеэр танилцууллаа.
Хотын захирагч С.Амарсайхан ЖДҮ-ийг дэмжих төвийн ажилчдад хандан амжилт хүсээд жижиг дунд үйлдвэрийг жинхэнэ утгаар нь хөгжүүлж байгаа дүүргийн удирдлагуудад талархал илэрхийлж, нийслэлээс бүхий л талаар дэмжин ажиллахаа хэллээ.
Улаанбаатар хотын Захирагч, нийслэлийн Онцгой байдлын комиссын дарга С.Амарсайхан мөн Багануур дүүргийн халдвартын эмнэлгийн үйл ажиллагааны бэлэн байдлыг шалгалаа. Тус эмнэлэг нь дүүргийнхээ төдийгүй зүүн бүсийн 3 аймгийн иргэд болон Төв аймгийн сумдад үйлчилдэг юм байна. Тус эмнэлэг коронавирус илэрсэн тохиолдолд яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэхээр 30 ортой 15 тусгай тасгийг бэлэн болгосноо танилцуулав.
Хотын захирагч, НОК-ын дарга С.Амарсайхан, эрсдэл учирсан онцгой тохиолдолд хэрэгжүүлэх бэлтгэл ажил хангагдсаныг сайшааж, сэрэмжлүүлэг мэдээллийг дүүргийн хэмжээнд сайн хүргэж ажиллахыг эмч мэргэжилтнүүдэд захилаа.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.