АНУ-ын 40 гаруй муж улсууд “Facebook”-ийн эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргахаар болжээ.
АНУ-ын 40 гаруй муж улсын эрх баригчид ирэх долоо хоногт “Facebook” компанийн эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргахаар болжээ.
“Reuters” агентлагийн мэдээлснээр, тус компанийг АНУ-ын монополийн эсрэг хуулийг зөрчсөн гэж буруутгасан байна. Тус улсын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын Хууль зүйн хорооны монополийн эсрэг бодлогын дэд хороо 16 сарын турш явуулсан мөрдөн шалгалтын дүнд үндэслэн гаргасан 449 хуудас бүхий тайланг 10 дугаар сарын 6-нд танилцуулжээ. Энэ тайланд “Amazon”, “Facebook”, “Google” болон “Apple” компанийг зах зээл дээр дангаар ноёрхох тактик хэрэглэж, өрсөлдөөнийг сулруулж байна гэж дүгнэсэн байна.
Улмаар АНУ-ын Хууль зүйн яам “Google” компанийг цахим талбар дээрх өрсөлдөөнд хохирол учруулдаг гэж үзэн 10 дугаар сарын 20-нд иргэний зарга үүсгэж, Холбооны улсын Засгийн газрын хамтаар 11 муж улс нэхэмжлэгчээр оролцжээ.
“The Wall Street Journal” сонинд даваа гарагт мэдээлснээр, АНУ-ын эрх баригчид “Facebook” болон “Google” компанийг АНУ-ын монополийн эсрэг хууль тогтоомжийг зөрчсөнд буруутган дахин дөрвөн нэхэмжлэл гаргахаар бэлдэж байгаа аж. Эдгээр нэхэмжлэлийг ирэх сарын сүүл гэхэд шүүхэд гаргах магадгүй гэж тус сонины эх сурвалжууд мэдээлжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.