БНСУ-аас ирсэн иргэн өөрийгөө 14 хоног тусгаарлахыг зөвлөв
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголчууд хамгийн олноор оршин суудаг БНСУ-д шинэ төрлийн коронавирусний халдварын тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан Гадаад харилцааны яам /ГХЯ/-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээлэл хийлээ.
Тэрээр "ГХЯ хилийн чанад дахь Дипломат төлөөлөгчийн газруудаараа дамжуулан БНХАУ, БНСУ-аас гадна коронавирусний халдвар тархсан улсуудаас холбогдох мэдээллийг авч байна. БНСУ-д сүүлийн гурван хоног тархалт эрчимтэй нэмэгдэж байгаатай холбоотойгоор тус улсад сууж буй ЭСЯ болон Пусан дахь Консулын газар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна. БНСУ-ад 48 100 гаруй монгол иргэн амьдарч байгаа. Үүнээс албан ёсоор оршин суух зөвшөөрөлтэй 24 800 орчим иргэн бий. Өвчлөл БНСУ-ын ихэнх мужид тархсан. Монгол иргэдийнхээ мэдээллийг Элчин сайдын яамаараа дамжуулан авч дотоодын холбогдох байгууллагуудад өгсөн.
Гадаад харилцааны сайдын өгсөн чиглэлийн дагуу Улаанбаатар руу явж буй нислэг бүрт давхар хяналт тавьж байгаа. Онгоцонд суухаас өмнө иргэдээс хоёр удаа биеийн халууныг нь шалгаж, асуумж авч байна. Халуурсан иргэдийг БНСУ-аас Монгол Улс руу явах нислэгт суулгахгүй байгаа.
БНСУ-д жилд дунджаар давхардсан тоогоор 100 мянга орчим иргэн зорчдог. Одоогийн нөхцөл байдалтай холбогдуулан нэн шаардлагагүй бол БНСУ-д зорчихгүй байхыг зөвлөж байна. Олон нийтийн сүлжээгээр БНСУ-д байгаа монгол иргэдтэй холбоотой ташаа мэдээлэл их гарч байна. БНСУ-д суугаа иргэдийн ар гэрийнхнийг тайван байхыг хүсье. Тус улсын Засгийн газар хүчээ дайчлан ажиллаж байгаа. БНСУ 2015 онд МЭРС вирусийг дарсан туршлагатай улс тул үр дүнтэй арга хэмжээг авсаар байгаа. Тиймээс иргэд маань аль болох тайван байж, хэрэв ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд Солонгосын талын өгч буй мэдээ, мэдээллийг дагаж мрөрдөхийг хүсэж байна.
БНСУ-ын их, дээд сургуулиуд 12 дугаар сарын сүүлээс эхлэн амарсан. Нийтдээ 193 их, дээд сургууль байдгаас 157 их, дээд сурууль нь ирэх сарын 16-нд дуусах байсан амралтаа сунгасан. Өнөөдрийн байдлаар 14 сургууль гуравдугаар сарын 2-нд хичээлээ эхлүүлнэ гэсэн мэдээлэл байна.
Түүнчлэн БНСУ-аас гадна Италид халдварын тоо огцом нэмэгдэж 78 болсон. Зөвхөн БНСУ гэлтгүй гаднын улсуудад зорчиж буй манай улсын иргэд сонор сэрэмжтэй байхыг хүсье. БНСУ-аас ирж буй гадна, дотоодын иргэд 14 хоног гэртээ өөрийгөө тусгаарлан ойр дотныхноо хамгаалж иргэний үүргээ биелүүлэхийг хүсье" гэлээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.