Улаанбаатараас гарах хөдөлгөөнд маргаашаас хязгаарлалт хийнэ

Улаанбаатараас гарах хөдөлгөөнд маргаашаас хязгаарлалт хийнэ

Засгийн газар, УОК-оос Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлж, зэрэглэл бууруулсантай холбогдуулан Хот хоорондын хөдөлгөөний журмыг шинэчлэн баталжээ.

Энэ талаар ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян өнөөдөр мэдээлэл хийхдээ, “Засгийн газрын энэ сарын 13-ны шийдвэрийн дагуу маргааш 06.00 цагаас эхлэн Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнд тодорхой хязгаалалт хийж байгаа. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн шалтгаан, албан томилолт, буяны ажилд оролцох хүмүүсийг коронавирус илрүүлэх PCR шинжилгээний хариуг үндэслэн хотоос гаргана. Мөн түлш, шатахуун, хүнс болон малын тэжээл тээвэрлэх ачаа тээврийн жолооч нарыг мөн PCR шинжилгээг үндэслэн хэвийн гаргах юм. Хот руу ирэхэд 2 төрлийн зохицуулалт бий. Коронавирусний халдварын голомттой аймгаас ирэх хүмүүс тухайн аймгийнхаа Онцгой комиссоос зөвшөөрөл авч, PCR шинжилгээ өгөх ёстой. PCR лаборатори байхгүй бол түргэн оношлуураар шинжилгээ өгнө. Голомтгүй аймгаас ирэх иргэн нийслэлд нэвтрэх пост дээр асуумж бөглөөд орж ирэх боломжтой юм” гэлээ.

Орон нутгийн нислэгийн хувьд түр хугацаанд хязгаарлалттай байгаа хэдий ч ЗТХЯ-ны зөвшөөрлөөр нислэг үйлдэх боломжтой. Энэ тохиолдолд мөн дээрх хязгаарлалттай ижил байх аж. Уул уурхайн компаниудын ажилтнуудын ээлжийг 28 хоногт нэг удаа зохион байгуулахаар шийдвэрлэсэн бөгөөд одоогоос 10 хоногийн өмнө нэг удаа сольсон байна. Дараагийн ээлжийг нэгдсэн байдлаар зохион байгуулахаар холбогдох албаныхан ажиллаж байгааг ОБЕГ-ын дарга хэллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.