Монголын гурван төлөөлөгч ISSF-ийн салбар хорооны гишүүн боллоо

Монголын гурван төлөөлөгч ISSF-ийн салбар хорооны гишүүн боллоо

Монголын буудлага спортын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, МҮОХ-ны гишүүн Дамдинсүрэнгийн Лхамсүрэн нь Олон улсын буудлага спортын холбоо (ISSF)~ны Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрээр тус холбооны “Target sprint” төрлийн салбар хорооны гишүүнээр сонгогдлоо гэж МҮОХ-ноос мэдээллээ. 

“Target sprint” нь 2015 оноос эхлэн олон улсад хөгжиж эхэлсэн бөгөөд тамирчин нь 4 км гүйгээд, 10 метрийн зайнаас хийн гар ба урт буу болон таваг буудлагаар  бууддаг шинэ төрөл юм.

Түүнчлэн Олон улсын буудлага спортын холбооны Тогтвортой байдлын хорооны гишүүнээр П.Тунгалаг анх удаагаа сонгогдсон бол Эмнэлгийн салбар хорооны гишүүнээр Н.Цогтсайхан  дахин сонгогдсон байна. П.Тунгалаг нь Монголын буудлага спортын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Н.Цогтсайхан нь допингийн эсрэг хяналтын зөвлөлийн гишүүнээр ажилладаг билээ.

Олон улсын буудлагын холбоо буюу ISSF нь эгнээндээ 150 орныг нэгтгэсэн олимпийн төрлийн том холбоо бөгөөд тус байгууллагыг ОХУ-ын ган төмрийн бизнесийн тэрбумтан, Владимир Сергеевич Лисин тэргүүлдэг. Буудлага спортын төрлөөр Токио-2020 олимпод Монголоос дөрвөн тамирчин /О.Гүндэгмаа, Ц.Анударь, Э.Даваахүү гар буу, О.Есүгэн урт буу/ оролцохоор бэлтгэл сургуулилтаа базааж байна.Монголын тамирчид  Токио-1964  наадмаас эхлэн  олимпод цэц мэргээ сорьж, мөнгө, хүрэл медаль хүртсэн түүхтэй.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.