Москвагийн Их сургуулиас Монголын ЭСЯ-нд захидал ирүүлжээ

Москвагийн Их сургуулиас Монголын ЭСЯ-нд захидал ирүүлжээ

ОХУ-ын М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын их сургуулийн Ази, Африкийн орнуудын сургууль “Зүүн хойд Ази дахь Монгол орон: түүхэн хэлхээ холбоо ба орчин үеийн сорилтууд” сэдэвт оюутан, залуу эрдэмтэдийн Онол-практикийн бага хурал зохион байгуулахаар болжээ. 

Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд болох тус хуралд Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Давааг урьж, энэ талаар мэдээлсэн захидал ирүүлсэн талаар ГХЯ мэдээллээ.

Захидалд, “Монголын ард түмэн түүхийн бүх цаг хугацаанд Ази тивийн улс төр-нийгэм, эдийн засаг болон соёлын үйл явц, өрнөлд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн. Орчин үеийн Монгол орон олон улсын харилцааны идэвхтэй оролцогч гэдгээ улам бүр бататгаж байна. Бага хурлын хүрээнд бид чухамхүү олон улсын харилцан ажиллагаа, харилцан нөлөөллийн үйл явцад бага хуралд оролцогчдын анхаарлыг төвлөрүүлэхийг эрмэлзэж байна” гэдгийг тэмдэглэжээ.

Түүнчилэн бага хурлын ажиллагаанд Монгол болон хөрш орнуудын түүх, хэл, уран зохиол, шашин судлал, ардын аман зохиол, угсаатан зүй болон улс төр, эдийн засгийн чиглэлээр мэргэшиж буй оюутан, залуу эрдэмтэн нарыг оролцохыг урьж байгаагаа илэрхийлжээ.

Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ дээрх захидалд хариу талархал илэрхийлэн,  "Олон улсын Монгол судлалын тэргүүлэх төвийн эгнээнд зүй ёсоор эрэмбэлэгддэг М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын их сургуулийн Ази, Африкийн орнуудын сургуулиас зохион байгуулах гэж буй “Зүүн хойд Ази дахь Монгол орон: түүхэн хэлхээ холбоо ба орчин үеийн сорилтууд” сэдэвт онол-практикийн бага хурлыг талархан дэмжиж байгаа бөгөөд оюутан, залуу эрдэмтэн судлаачдыг идэвхтэй оролцохыг уриалж байна.

Ялангуяа, ОХУ-ын их сургуулиудад олон улсын харилцаа, нийгэм, эдийн засаг, хүмүүнлэг, соёлын чиглэлээр суралцаж буй төгсөх курсын оюутнууд, магистрант, аспирант залуучуудыг бага хурлын ажиллагаанд ажил хэрэгчээр оролцоно гэдэгт итгэж байна гэжээ. 

М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын их сургуулийн Ази, Африкийн орнуудын сургуулиас зохион байгуулах “Зүүн хойд Ази дахь Монгол орон: түүхэн хэлхээ холбоо ба орчин үеийн сорилтууд” сэдэвт оюутан, залуу эрдэмтэдийн Онол-практикийн бага хурал ирэх оны 2 дугаар сарын 18-19-нд болох юм. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.