Ардчилсан намын Их хурал цахимаар хуралдаж байна
Ардчилсан намын X Их хурлыг өнөөдөр (2020.12.18) 21 аймаг, есөн дүүргийг хамруулан цахимаар зохион байгуулж байна.
Энэ удаагийн Их хурал Ковид-19 өвчлөлийн үед буюу дэлхий нийтийг хамарсан цар тахлын онцгой нөхцөлд болж байна. Тиймээс АН-ын нийт гишүүдээс сонгогдсон Их хурлын 1206 төлөөлөгч цахим хэлбэрээр холбогдон, хуралдаж байна. Энэ нь Монгол Улсын түүхэнд намын Их хурал анх удаа цахимаар хуралдаж байгаа үйл явдал болж байна.
Тус Их хурал цахимаар хуралдахын тулд АН-ын Үндэсний бодлогын хороо, аймаг,нийслэл, сум дүүргийн намын хороо, анхан шатны үүрүүдтэй цахим хурлыг бүтэн сарын турш хэлэлцсэн бөгөөд нийт гишүүдийн 80 гаруй хувь нь намын Их хурлаа цахимаар хийхийг дэмжжээ.
Мөн “Ардчилсан намын үндсэн дүрмийн өөрчлөлтийн төсөл”-ийг боловсруулсан ажлын хэсэг 44 хүний бүрэлдэхүүнтэйгээр дөрвөн сарын хугацаанд ажилласан байна. Өчигдөр болсон Үндэсний бодлогын хорооны хурлаар ажлын хэсгийн боловсруулсан дүрмийн төслийг дэмжсэнээр ба үүнийг өнөөдөр Их хурлаар хэлэлцэж байна.
Энэ удаагийн АН-ын Их хурал нь тус намын гишүүд, дэмжигчид төдийгүй иргэд, олон нийтийн дунд ихээхэн хүлээлт үүсгээд байгаа юм. Учир нь Ардчилсан намын үзэл баримтлал, үнэт зүйлийг дэмжсэн дүрэм батлагдаж байж, Монголын ардчилал эрүүл, бат бэх оршино гэж Монголын ард түмэн, гишүүд, дэмжигчид үздэг. Өнөө, маргааш хуралдах Их хурлаар АН-ын даргын сонгууль болохгүй бөгөөд шинэчилсэн дүрмээ Дээд шүүхээр батлуулсны дараа намын даргыг сонгох Их хурлыг дахин хийх юм байна.
Энэ удаагийн намын Их хурал энэ сарын 19-ний өдрийг дуустал хоёр өдрийн турш үргэлжилнэ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.