ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Замын-Үүд боомтод ажиллав

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Замын-Үүд боомтод ажиллав

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр тэргүүтэй Ажлын хэсэг 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс Замын-Үүд боомтод ажиллаж, Монгол, Хятадын хооронд экспорт, импортын ачаа тээвэрлэлт хийж буй нөхцөл байдалтай танилцаж, боомтын үйл ажиллагааг хэвийн болгох чиглэлээр Дорноговь аймаг, Замын-Үүд сумын албаны хүмүүс болон холбогдох хувийн хэвшил, холбоодын төлөөлөлтэй уулзаж, санал солилцов.

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадрал, ӨМӨЗО-ны Хөх хотод суугаа Ерөнхий консул С.Батхуяг нар мөн энэ хугацаанд хятадын талын Эрээн боомтын нөхцөл байдалтай танилцаж, ӨМӨЗО болон Эрээн хотын удирдлагатай уулзалт хийв. Замын-Үүд-Эрээн боомтын хилийн дундын бүсэд ажиллах 32 жолоочийг хятадын талтай тохиролцон Эрээнд нэвтрүүлж, тусгаарлалтын зардлын асуудлыг шийдвэрлэв.

Ажлын хэсэг болон Дорноговь аймаг, Замын-Үүд сумын удирдлага 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ӨМӨЗО-ны дэд тэргүүлэгч Оуян Шяхуй тэргүүтэй хятадын талын албаны хүмүүстэй цахим уулзалт хийж, Замын-Үүд-Эрээн, Гашуун сухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ зэрэг хоёр улсын худалдаанд чухал үүрэгтэй боомтуудын үйл ажиллагааг хэвийн болгож, экспорт, импортын барааны урсгалыг эрчимжүүлэх боломжийн талаар санал солилцож, тодорхой тохиролцоонд хүрэв.

Тухайлбал, Замын-Үүд-Эрээн боомтын тухайд боомт хооронд өдөрт солилцох тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлэх, тээвэрлэлт хийж буй жолооч нарын тоог үе шаттайгаар нэмэгдүүлэхээр тохиролцов. Тодорхой хугацаанд тасалдаад байсан мах, ноолуур зэрэг уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг монголын талаас хүлээн авахаар болж, цаашид тогтвортой үргэлжлүүлэх, жолооч нарыг монголын талд тусгаарлахгүйгээр зөвхөн хятадын талд 14 хоног  тусгаарлахаар болсноо хятадын тал илэрхийлэв. Гашуун сухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ боомтуудаар нүүрс, зэсийн баяжмал хүлээн авах гарцыг нэмэгдүүлэх замаар эдгээр бүтээгдэхүүний худалдааг аль болох нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээг цаашид ч үргэлжлүүлэхээ хятадын тал илэрхийлэв.

Цаашид хоёр талын худалдааны эргэлтийн тогтвортой байдлыг хангахын тулд ковид 19-ийн халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайжруулж, халдвараас ангид “ногоон бүс” байгуулах, хил дамнасан тээвэрлэлтэд оролцогч иргэдийг халдварын эсрэг шинжилгээнд хамруулах хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээний цар хүрээг нэмэгдүүлэхээр тохиролцов.

ЭХ СУРВАЛЖ: Гадаад харилцааны яам

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.