ЭМЯ: Гэр бүлийнхээ хүрээнд баяраа тэмдэглэх, гаднаас зочин урихгүй байхыг уриаллаа.
ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Коронавирусний халдвартай тэмцэх, сэргийлэх ажилд 24 цагийн турш 2400 гаруй эрүүл мэндийн ажилтан, албан хаагчид хүч зүтгэлээ гарган ажиллаж байна. Тусгай дугаарын долоон утсан дээр иргэдээ хүлээн авч, зөвлөмж, заавар өгсөөр байгаа. Азийн зургаан оронд Их Британиас эхтэй коронавирусний мутацид орсон хувилбар тархсан. Манай орны хувьд гэртээ байх, гараа угаах, ариутгах, зай барих, хүн олноор цугларсан газраар явахгүй байх, бүгчим орчинд байхаас татгалзах, шинэ жилийг цахимаар тэмдэглэх хэрэгтэй байна. Дэлхий дахинд шинэ жилийг цахимаар тэмдэглэж, бие биетэйгээ цахимаар мэндчилж байгаа” гэлээ.
ЭМЯ-наас иргэдэд хандан шинэ жилээр бөөгнөрөхгүй байх, гэртээ, гэр бүлийнхээ хүрээнд баяраа тэмдэглэх, гаднаас зочин урихгүй байхыг уриаллаа.
Улаанбаатар хот коронавирусний халдварын голомт болж, өвчлөл нэмэгдсээр байгаа энэ үед баярын хүнсээ цуглуулахаар гарахдаа халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж, дэлгүүрт аль болох удахгүй байх хэрэгтэй юм. Мөн хүүхэд, ахмад настан, жирэмсэн эмэгтэйчүүдийг дэлгүүр, эмнэлэг зэрэг олон хүн очдог газраар дагуулж явахгүй байхыг анхааруулъя.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.