Замын-Үүдэд тусгаарлагдсан 104 иргэн гэртээ харилаа
БНХАУ-аас эх орондоо ирсэн 104 иргэнийг Замын-Үүдэд тусгаарласан байсныг гэрт нь явууллаа.
Тэднийг Замын-Үүдийн нутагт гурван байршилд 14 хоногийн хугацаанд ажиглалтын дэглэмд тусгаарлаж байсан бөгөөд энэ хугацаанд коронавирусний шинж тэмдгийн тохиолдол илрээгүй тул Сумын Онцгой комиссын шийдвэрийг үндэслэн хоёрдугаар сарын 29-ний 09.00 цагаас тухайн бүсүүдэд тогтоосон дэглэмийг цуцалж, тусгай хяналт дор Замын-Үүд сумаас Улаанбаатар хотруу явуулав.
Тусгаарлагдсан иргэдийг Замын-Үүдийн "Жинчин", "Замын-Үүд", "Америстар" буудалд байршуулж байсан юм. Өмнөд хөршид тархаад байгаа шинэ төрлийн "Covid-19" вируснээс урьдчилан сэргийлэх зорилгоор дээрх буудлуудад зохих журмын дагуу ариутгал халдваргүйтгэлийг сумын Нэгдсэн эмнэлэг хийсэн байна. Буудлууд одоо хэвийн ажиллаж буй.
Ташрамд дурдахад өнгөрсөн сарын 13-нд улсын Онцгой комиссоос өгсөн заавар зөвлөмжийн дагуу Замын-Үүдэд галт тэргэнд саатуулсан 106 хүний биеийн байдлыг үзэн, ариутгал халдваргүйтгэлийг хийж гэрт нь буцааж байсан юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.