Колумбийн Батлан хамгаалахын сайд “COVID-19”-ийн улмаас нас баржээ
Колумбийн Батлан хамгаалахын сайд Карлос Холмс Трухильо “COVID-19” халдварын улмаас 69 насандаа нас барлаа гэж тус улсын Засгийн газар мэдэгджээ.
“К.Трухильог нас барсан явдалд гүнээ эмгэнэн гашуудаж байна” гэж Колумбийн Ерөнхийлөгч Иван Дуке мягмар гарагт мэдэгдсэн байна.
К.Трухильогийн коронавирусний шинжилгээний хариу нэгдүгээр сарын 12-нд эерэг гарчээ. Хожим нь түүний биеийн байдал хүндэрсний улмаас Богота хотын Цэргийн эмнэлэгт хүргэгдэж, эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байжээ.
Батлан хамгаалахын сайдын албан тушаалыг хашихаасаа өмнө К.Трухильо Гадаад хэргийн сайдаар ажиллаж байжээ. Мөн тэрбээр 2022 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүсэлтэй байгаагаа илэрхийлээд байсан ажээ.
Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээллээр, Колумбид коронавирусний халдварын хоёр сая гаруй тохиолдол бүртгэгдэж, 52 мянга орчим хүн нас баржээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.