Дэлхийн хэмжээний цар тахал гэж зарлахад эрт байна

Дэлхийн хэмжээний цар тахал гэж зарлахад эрт байна

Шинэ төрлийн коронавирусийг дэлхийн хэмжээний цар тахал гэж зарлахад эрт байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейсус мэдэгджээ.

ДЭМБ өдөр бүр нөхцөл байдал хэрхэн өрнөхийг ажиглаж, мэдээллийг шинжилж байна. Вирусний халдвар авсан тохиолдол дэлхий даяар 90 мянга давсан ч 90 хувь нь Хятад улс, ихэнх нь нэг мужид бүртгэгдсэн. “Хүмүүс айдаст автаж байна. Гэхдээ одоогийн байдлаар 130 гаруй улс оронд халдварын ганц ч тохиолдол бүртгэгдээгүй” хэмээн Гебрейесус онцолжээ.

-Иран дахь ДЭМБ-ын төлөөлөгчийн газрын нэг ажилтан коронавирусийн халдвар авчээ. Тедрос Гебрейесусийн хэлснээр, өнгөрсөн даваа гарагт Иран улсад ДЭМБ-ын шинжээчдийн баг хүрэлцэн ирж, шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл нэмж авчирснаас гадна тус улсын Засгийн газарт КОВИД-19-тэй тэмцэхэд нь туслалцаа үзүүлэх аж.

-Франц, Герман, Их Британи улс Иран улсад нийт таван сая еврогийн хүмүүнлэгийн тусламж үзүүлжээ. Иранд коронавирусний халдварын тохиолдол нэг хоногт 500-аар нэмэгдэж, 1501 хүрснээс 66 өвчтөн нас баржээ. Даваа гарагт коронавирусийн оношлуур, эмнэлгийн тоног төхөөрөмж, хамгаалалтын хувцас, бээлий зэргийг онгоцоор хүргүүлсэн байна.

-Коронавирусний халдварын тархалттай холбогдуулан Европын парламент гишүүдээ хамгаалах арга хэмжээг чангатгаж, Европарламентын ордонд орох зочдын тоог хязгаарлахаар болжээ. Европын парламентын хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор авч буй энэ арга хэмжээ гурван долоо хоног үргэлжлэх бөгөөд цаашид сунгах эсэхийг тухайн үед шийдэх аж. Түүнчлэн, Европарламентын ордонд төрөл бүрийн семинар, үзэсгэлэн, соёлын арга хэмжээ түр хугацаанд зохион байгуулахгүй. Эрсдэлтэй бүс нутагт ажиллаад ирсэн Европын Холбооны ажилтнуудад гэрээсээ ажиллахыг уриалсан байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.