Даатгуулагч үйлчлүүлэх эмнэлгээ өөрөө сонгох хуулийн заалт хүчин төгөлдөр боллоо

Даатгуулагч үйлчлүүлэх эмнэлгээ өөрөө сонгох хуулийн заалт хүчин төгөлдөр боллоо

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос 2020 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлын тайлангаа өнөөдөр олон нийтэд танилцууллаа.

Тус байнгын хороо ээлжит чуулганы хугацаанд 10 удаа хуралдаж, 25 асуудлыг хэлэлцсэн байна. Тухайлбал тус байнгын хорооноос Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийн тогтолцоонд шинэчлэлт хийсэн гэдгийг байнгын хорооны дарга М.Оюунчимэг хэллээ.

Хөнгөлөлттэй үнэтэй эмийг өмнө нь цөөхөн эмийн сангаар худалдаалдаг байсан бол хуулийн заалт хэрэгжиж эхэлснээр Эрүүл мэндийн даатгалын сантай гэрээ байгуулсан бүх эмийн сангаас сарын бүх өдрүүдэд авах боломжийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 01-нээс бүрдүүлсэн төдийгүй 141 нэр төрлийн 541 нэршлийн эмийн үнийг 30-70 хувь багасгах шийдвэр хэрэгжсэн. Мөн бүх шатны эмнэлгийн байгууллагын эмч нар иргэний харъяалал харгалзахгүйгээр хөнгөлөлттэй эмийн жорыг бичин, цар тахлын үед иргэд заавал нарийн мэргэжлийн эмчид очиж үзүүлэлгүйгээр өмнө нь бичигдсэн оношийн дагуу хөнгөлөлттэй эмээ бичүүлэн авдаг болсон нь эмийн хөнгөлөлт иргэдэд хүртээмжтэй, төвөггүй хүрэх тогтолцоо бүрдсэний илрэл гэж Байнгын хорооны дарга онцлов. 

Түүнчлэн, Эмийн бие даасан агентлаг байгуулснаар үндэсний үйлдвэрлэгчдийн болон импортын эмийн чанар, бүртгэлийг хянаж чанартай эмийг хүртээмжтэй хүргэх эрх зүйн орчин бий болсон, өндөр өртөгтэй мэс заслын төлбөрийг 100 хувь даатгалын сангаас хариуцдаг болсон, эрүүл мэндийн даатгалтай иргэн Даатгалын сантай гэрээ байгуулсан улсын болон  хувийн хэвшлийн аль ч эмнэлгийг сонгон бүх төрлийн тусламж, үйлчилгээ авах хуулийн заалт энэ сарын 01-нээс хүчин төгөлдөр болж байгааг мэдээллээ. Ингэснээр эмнэлгүүд чанар, эмчилгээ, үйлчилгээгээрээ өрсөлддөг болж хүнээ дагасан эрүүл мэндийн тогтолцоо бүрдэн, үүнийг дагаад улсын эмнэлгийн ачаалал, хүнд суртал эрс буурах юм байна. 

Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар ажил үүргээ гүйцэтгэх явцад халдвар авсан албан хаагчид буцалтгүй тусламж олгох, иргэдээ гадаадаас татан авах явцад нислэг гэнэт цуцлагдсан үед орон байр, хүнсгүй болсон иргэдийн наад захын хэрэгцээг хангах ажлыг зохион байгуулах, төрөөс хэрэгжүүлж байгаа орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй зээлийн төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн үлдэгдэл хэмжээг нэмэхгүйгээр хойшлуулах зэрэг өөрчлөлтүүд хэрэгжиж эхлээд байгааг Байнгын хорооны дарга мэдээлэлдээ дурьдав. 

Хэвлэлийн бага хуралд оролцсон Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн эрүүл мэндийн салбарын хуулийн шинэчлэлийг 2021 онд үргэлжлүүлэн,  өргөн хүрээтэй, томоохон шинэчлэлүүд хийх талаар мэдээлэл өгсөн бол Улсын Их Хурлын гишүүн Б.Сранчимэг 2021 оны хаврын чуулганаар хэлэлцэх асуудал, тэр дундаа тэтгэврийн даатгалын тогтолцоонд өөрчлөлт оруулах нийгмийн даатгалын багц хуулийг хэлэлцэхээр бэлэн болоод байгаа талаар мэдээлэл өглөө. 

Түүнчлэн, өрхийн орлогыг нэмэх бодлогын хүрээнд 21 аймгийн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдийн захирал, удирдах ажилтнуудыг оролцуулан хэлэлцүүлэг хийж, хэлэлцүүлгийн үр  дүнд эрэлттэй мэргэжлээр боловсон хүчин бэлтгэхэд анхаарах чиглэлийг гарган ХНХЯ-д өгсөн талаар болон ирэх хаврын чуулганаар Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвтэй холбоотой хуулийн төсөл хэлэлцэх талаар Байнгын хорооны дарга мэдээлэл өгөв. 

2020 оны намрын ээлжит чуулганы хугацаанд тус байнгын хороо эрхлэх асуудлын хүрээнд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн төсөл, Ажиллах хүчний шилжилт, хөдөлгөөний тухай хуулийн төсөл зэрэг томоохон хуулийн төслүүд болон Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэж эхлээд байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.