АНУ-д нүүр, гар шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ

АНУ-д нүүр, гар шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ

Нью-Йоркийн эмч нар нүүр, хоёр гар шилжүүлэн суулгах мэс заслыг дэлхийд анх удаа амжилттай хийжээ.

Өнгөрсөн оны 8 дугаар сард 140 хүний оролцоотой хийгдсэн энэхүү мэс заслыг Жо Димео гэдэг хүнд хийсэн бөгөөд мэс засал 23 цаг үргэлжилсэн байна.

Жо Димео 2018 онд автомашины осолд орсны улмаас биеийнх нь 80 орчим хувь нь түлэгдэж, гуравдугаар зэргийн түлэгдэлттэй гэж оношлогджээ. Шөнийн ээлжинд гарсныхаа дараа тэрбээр гэртээ харих замдаа жолооны ард зүйрмэглэсэн нь осол гарах шалтгаан болсон байна. Ослын улмаас Жо Димео уруул болон зовхигүй болсноос гадна хурууны үзүүрүүдийг нь тайрахаас өөр аргагүй болжээ.

Жо түлэнхийн тасагт дөрвөн сар хэвтэж түүнд 20 гаруй удаа гоо сайхны мэс засал хийсэн ч гар болон нүүрнийх нь хөдөлгөөнийг бүрэн сэргээж чадаагүй аж.

Өвчтөнийг 2019 онд Нью-Йоркийн “NYU Langone” эмнэлгийн төвд хүргэж, нэг жилийн дараа гар, нүүр шилжүүлэн суулгах мэс засалд оруулжээ.

“Надад донор болсон хүний нэг хэсэг миний дотор байгаа нь донорын гэр бүлийнхний нь сэтгэлийг тайвшруулна гэж найдаж байна. Надад хоёр дахь боломж олдсонд тун баяртай байна” хэмээн Жо мэс заслын дараа ярьсан байна. 

“Бидний хийсэн мэс ажилбар зөвхөн гадаад төрхийг сайжруулаад зогсохгүй нүүрний эрхтэн тэр дундаа гарын ажиллагааг сайжруулахад чиглэсэн” хэмээн мэс заслын хөтөлбөр хариуцсан дарга Эдуардо Родриге мөн мэдэгджээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.