Г.Тэмүүлэн: Олон хүүхэдтэй өрхийн орон сууцны урьдчилгаанд дэмжлэг олгох төсөл өргөн барилаа
Хүн амын өсөлтийг дэмжих үүднээс 6 болон түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлийн орон сууцны урьдчилгаа төлбөрт төрөөс дэмжлэг олгохоор хуулийн төсөл боловсруулсан тухай УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн өнөөдөр мэдээлэв.
УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр хэд хэдэн хуулийн төсөл боловсруулсны нэг нь Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, өсөлтийг дэмжих тухай хууль гэдгийг тэмдэглээд, дээрх зохицуулалтыг үүнд тусгаж буйг тодотголоо.
Сүүлийн 30 гаруй жилд төрөөс хүн амын удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах талаар тодорхой эрх зүйн зохицуулалт, бодлого гараагүй байна. Хамгийн сүүлд 1991 онд БНМАУ-ын үед АИХ-аар энэ талаарх цогц бодлого гаргаж байжээ. Тиймээс удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, эрх зүйн орчныг бүрдүүлэх, үндэсний аюулгүй байдалтай холбоотой үндэсний хөтөлбөр бий болгоход төрөөс анхаарах шаардлагатай гэж төсөл санаачлагч үзжээ. Нөгөөтэйгүүр, гадаадад байгаа иргэд Монголдоо ирж сурсан мэдлэг боловсролоо улс орондоо зориулахад чиглэсэн төрийн бодлого, зохицуулалт хийх үүднээс төслийг санаачлан боловсруулсан гэдгийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн мэдээллийнхээ үеэр тэмдэглэв.
Тэрбээр мөн "Төрийн алба, улс төрийн албанд тавигдах шаардлага, ёс зүйн хэм хэмжээг нэмэгдүүлэх, чиглэлээр Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулжээ. Түүнчлэн Боловсролын салбарыг улс төрөөс ангид байлгах үүднээс Боловсролын тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьж хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөж буйгаа мэдээллээ. Эдгээрээс гадна Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай тогтоолын төсөл өргөн барихаар төлөвлөжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.