SOS: Монголд коронавирусний анхны тохиолдол илэрлээ

SOS: Монголд коронавирусний анхны тохиолдол илэрлээ

2020 оны гуравдугаар сарын 02-ны өдөр Москва- Улаанбаатар чиглэлийн онгоцоор Монголд ирсэн Франц улсын иргэнээс урьдчилсан шинжилгээгээр шинэ төрлийн коронавирус илэрч, шинжилгээ нь батлагджээ. 

Дорноговь аймгийн Улаанбадрах суманд Франц улсын нэг иргэнийг “Ковид-19” халдварын тандалт хийхээр тусгаарласан талаар манай сайт гуравдугаар сарын 8-нд мэдээлсэн билээ. 

Энэ талаарх мэдээллийг ЭМЯ-наас тодруулахад, “Дорноговь аймгийн Улаанбадрах сумын уурхайд ажилладаг Франц улсын иргэнийг тусгаарласан мэдээг бид өглөө авсан. Эхний ээлжинд зөвлөгөө өгсөн. Тэр даруй Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газраас баг газар дээр нь ажиллахаар гарсан” хэмээн мэдээлэл өгч байсан юм. 

Дээрх иргэн нь Францын хөрөнгө оруулалтай "Арева" компанид ажилладаг бөгөөд энэ талаар Дорноговь аймгийн Засаг дарга н.Энхтүвшинтэй утсаар холбогдож тодруулахад одоогоор тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна. Улсын Онцгой комиссоос тодруул" гэсэн мэдээлэл өгчээ. 

Засгийн газрын ХМОНХХ-ийн дарга Ц.Ганзориг "Онцгой комисс хуралдаж, эхний шийдвэрүүд гарч байна. Тун удахгүй шууд мэдээлэл өгнө. Ажил, хөдөлгөөндөө орохоосоо өмнө урьдчилан сэргийлэх мэдээлэл авахыг хүсье" гэжээ. 

Шинэ төрлийн коронавирусний анхны тохиолдол Монголд илэрч, шинжилгээний хариу баталгаажсан талаар харамсалтай мэдээлэл хүргэж байгаа ч Улсын онцгой комиссын шийдвэрийг дагаж, илүү эмх цэгц, болгоомж сэрэмжтэй байхыг нийт иргэддээ сануулж байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.