"Эрдэнэс Тавантолгой"-н хувьцааг дотооддоо эхэлж арилжихыг уриалав

"Эрдэнэс Тавантолгой"-н хувьцааг дотооддоо эхэлж арилжихыг уриалав

Монголын Хөрөнгийн биржээс хөрөнгийн зах зээлд оролцогч нарт хандсан уриалгыг өнөөдөр гаргав. Уриалгад хөрөнгийн зах зээлд:

  • Мэргэжлийн хөрөнгө оруулагчдыг бий болгох,
  • Бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр, төрлийг нэмэгдүүлэх, 
  • Хөрөнгийн зах зээлийг татварын бодлогын дэмжлэг бий болгох,
  • Энэ зах зээлийн өртөг зардлыг бууруулах,
  • Хөрөнгийн зах зээлд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх,
  • Хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийн найдвартай ажиллагааг хангахыг мэдэгджээ. 

Хөрөнгийн зах зээлд иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийг уриалахдаа, хуримтлагдсан ногдол ашгийг тараах, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцааг дотоодын хөрөнгийн биржээр арилжихыг дурдсан байна. Тодруулбал, хуримтлагдсан ногдол ашгийг тараах тухайд, Монгол Улсын иргэд 1990-ээд оноос цэнхэр, ягаан тасалбарын өмч хувьчлалаар хөрөнгийн зах зээлтэй олон жилийн туршид холбогдсон. 

Гэвч зарим иргэд өөрсдийн хувьцаа эзэмшил болон ногдол ашиг тараагдсан эсэх талаар мэдээллээр хангагдаж чадахгүй байгаагаас их хэмжээний ногдол ашиг “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ТӨХХК-д хуримтлагдан хадгалагдаж байдаг. Иймд энэхүү тараагдаагүй ногдол ашгийг эзэнжүүлж хуваарилах ажлыг зах зээлийн хэмжээнд зохион байгуулж, ард иргэд хөрөнгийн зах зээлийн ашиг шимийг бодитоор хүртэж, цаашид улам идэвхтэй оролцох боломж бүрдүүлэх хэрэгтэй байна гэжээ. 

“ЭТТ” ХК-ийн хувьцааг хөрөнгийн биржээр арилжих тухайд, Монгол Улсын иргэн бүрт 2012 онд эзэмшүүлсэн “ЭТТ” ХК нь одоогийн байдлаар хөрөнгийн биржид бүртгэгдэж арилжиж эхлээгүй байгаагаас иргэд өөрийн эзэмшлийн хувьцаагаа захиран зарцуулж, эдийн засгийн эргэлтэд оруулах боломжоор хангагдаагүй байна. 

Иймд тус компанийг дотоодын хөрөнгийн биржид арилжиж эхэлснээр гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, зах зээлийн хөрвөх чадвар нэмэгдэх зэрэг ач холбогдолтой гэжээ.


Иргэд өөрсдийн хувьцаа эзэмшил болон ногдол ашиг тараагдсан эсэх талаар мэдээллээр хангагдаж чадахгүй байгаагаас их хэмжээний ногдол ашиг “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ТӨХХК-д хуримтлагдан хадгалагдаж байна.


Тодруулга: 1990 онд манай улс зах зээлийн тогтолцоонд шилжих үед Монголын хөрөнгийн бирж (МХБ)-ээр 475 улсын үйлдвэрийн газрын хувьцааг цэнхэр, ягаан тасалбараар 1.2 сая иргэнд эзэмшүүлж хувьчилсан. Ингэснээр Монгол Улсад орчин үеийн зах зээлийн эдийн засгийн үндэс суурь тавигдсан гэж үздэг. 

МХБ нь өнөөг хүртэл 40 гаруй ААН-д 187.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг хөрөнгийн зах зээлээс татан төвлөрүүлэхэд зуучлан, нийт 3.3 их наяд төгрөгийн үнийн дүн бүхий үнэт цаасны арилжаа зохион байгуулаад байна.

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу МХБ нь олон улсад нэр хүнд бүхий Лондонгийн Хөрөнгийн бирж групптэй стратегийн түвшинд хамтран ажиллаж, хөрөнгийн зах зээлийн зохицуулалт, техник, технологи, дэд бүтцийг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлж байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.