Коронавирусний халдвар авсан нийт хүний тоо 105 мянгад хүрчээ

Коронавирусний халдвар авсан нийт хүний тоо 105 мянгад хүрчээ

Дэлхийн улс орнуудад коронавирусээр халдварласан нийт хүний тоо 105 мянгад хүрчээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлсэнээр, 3600 орчим хүн нас барсны дийлэнх нь өнгөрсөн оны 12 дугаар сард коронавирусний халдвар анх илэрсэн БНХАУ-д ногдож байна.


Гэсэн хэдий ч ням гарагт БНХАУ-д нэгдүгээр сараас хойших халдварын хамгийн бага тохиолдол бүртгэгдсэн нь вирусний тархалт удааширч байгаагийн шинж тэмдэг байж магадгүй байна.


Бямба гарагт тус улсад 40 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь баасан гаргийнхтай харьцуулахад хоёр дахин буурсан үзүүлэлт юм. Мөн 27 хүн нас барсан нь нэг сарын хугацаан дахь хамгийн бага тоо болсон бөгөөд бүгд Ухань хотод бүртгэгджээ.


Халдварын томоохон голомт болоод байгаа Итали улсад ням гарагт халдвар авсан хүний нийт тоо 25 хувиар нэмэгдэж, 7375 болжээ. Тус улсын хойд нутагт хорио цээрийн дэглэм тогтоосон байна. Ням гаргийн оройны байдлаар Италид нийтдээ 366 хүн нас баржээ.


Дамын наймаачидтай хийж буй тэмцэл

Хэт их эрэлт үүсгэж, үнэ хөөрөгдөж буй явдлыг таслан зогсоохын тулд “Facebook” компани амны хаалт, гар ариутгагч бодисын зар сурталчилгаа байрлуулахыг хориглож байгаагаа мэдэгдсэн байна.


Үүнээс гадна, тус компани вирусийг эмчлэхэд нөлөөлдөг хэмээн сурталчилж буй эм бэлдмэлүүд, түүнчлэн хомсдол үүсээд байгаа мэтээр түгээж буй бараа бүтээгдэхүүний талаарх худал мэдээлэлд тавих хяналтаа чангатгажээ.


““Covid-19” халдварын эргэн тойрон дахь нөхцөл байдлыг бид анхааралтай ажиглаж байгаа бөгөөд хэрэв иргэд энэхүү онцгой байдлыг ашиглаж байгааг олж мэдвэл шаардлагатай бол бодлогодоо өөрчлөлт оруулна” гэж “Facebook” компанийн бүтээгдэхүүнүүдэд хяналт тавих газрын дарга Роб Литерн мэдэгдсэн байна.


“Facebook” болон онлайн худалдаа эрхлэгч томоохон компани болох “Amazon” өнгөрсөн долоо хоногт коронавирусний халдвараас хамгаална гэж сурталчилсан ариун цэврийн бүтээгдэхүүнүүдийн заруудыг устгах арга хэмжээ авчээ.


“Amazon” компанийн төлөөлөгчийн мэдээлснээр, дэлхийн улс орнууд дахь тус компанийн сүлжээ дэлгүүрүүдийн цахим хуудаснаас олон мянган зарыг устгажээ. Тус компани мөн үнийг өсгөх оролдлогуудыг анхааралтай ажиглаж байгаагаа мэдээлсэн байна.


Британийн сүлжээ их дэлгүүрүүд эрүүл ахуй, ариун цэврийн болон хүнсний зарим бараа бүтээгдэхүүний худалдаанд хязгаарлалт тавьжээ. Тухайлбал, “Tesco” компани ариун цэврийн цаас, гар ариутгагч бодис, гоймон, болон савласан сүүг нэг хүнд таваас илүүг худалдахгүй гэдгээ мэдэгджээ.


Бусад үйл явдлууд

  • Коронавирусний халдвар хурдацтай тархаж байгаа Иран улсад халдвар авсан нийт хүний тоо 6000 давж, 145 хүн нас баржээ. Гэсэн хэдий ч тус улсын эрх баригчдын өгч буй эдгээр тоо баримтууд эргэлзээтэй байгаа юм. Албаны хүмүүсийн мэдээллээс иш татсан нэгэн мэдээнээс үзвэл, тус улсын хойд нутагт орших Гилан мужид 200 хүн нас баржээ. Энэ мэдээллийг удалгүй устгасан байна.
  • Саудын Арабын эрх баригчид улсынхаа зүүн хэсэгт байрлах Катифын газрын тосны бүсэд хорио цээрийн дэглэм тогтоолоо. Тэнд хэд хэдэн өвчтөн Иранд байдаг төрөл саднаасаа халдвар авчээ.
  • Хятадын Гуанжоу хотод халдвар авсан хүмүүсийг тусгаарласан байсан, зочид буудлын барилга нурж, доод тал нь 10 хүн амиа алдсан байна.
  • Ромын Пап Францис Ром дахь Гэгээн Петрийн сүмийн тагтан дээрээс сүсэгтнүүдэд ням гаргийн номлолоо анх удаа айлдсангүй. Түүний номлолыг дүрс бичлэгээр дамжуулжээ.
  • Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, дэд ерөнхийлөгч Майк Пенс нарын оролцсон цуглаанд оролцсон хүмүүс коронавирусний халдвар авсан байна.
  • АНУ-д нэг хоногийн дотор 400 шинэ тохиолдол илэрч, нас барсан хүний тоо 16 болжээ.
  • БНСУ-д 272 шинэ тохиолдол илэрч, нийт халдвар авсан хүний тоо 7313-д хүрсэн байна.


Халдварын тохиолдол нэмэгдэж байгааг мэдээлж буй бусад улсууд бол Франц (1126), Герман (939), Испани (589), Их Британи (273), Нидерланд (188) юм. Колумб, Болгар, Коста-Рика, Мальта, Мальдив болон Парагвай улсад халдварын анхны тохиолдол илэрсэн тухай мэдээлжээ.


ОХУ-д гурван тохиолдол шинээр илэрч, нийт халдвар авсан хүний тоо 17-д хүрчээ. Өөрийгөө тусгаарлах дэглэмийг зөрчсөн тохиолдолд таван жил хүртэл хорих ял оноож магадгүй гэсэн мэдээлэл Москва хотын Эрүүл мэндийн газрын вэб хуудсанд ням гарагт нийтлэгдсэн байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.