Зах, худалдааны төвүүдийг ХААХГҮЙ
Монгол Улсад шинэ коронавирусний халдвар бүртгэгдсэнтэй холбогдуулан өнөөдөр /2020.03.10/ өглөөний 06:00 цагт Улсын онцгой комисс шуурхай хуралдаж, энэ сарын 17-ны өдрийг хүртэл нийтийн тээврийн үйлчилгээнд гарах автобусны тоог 50 хувиар бууруулах чиглэлийг нийслэлийн Нийтийн тээврийн газрын удирдлагуудад өглөө.
Мөн Улаанбаатар хот, аймаг сумаас гарах, хот руу орох, хот хоорондын тээвэр, хувийн автомашин, орон нутгийн нислэгийн хөдөлгөөнийг яг одооноос эхлэн гуравдугаар сарын 10-ны 07:00 цагаас 16-ны өдрийн 07:00 цаг хүртэл хориглолоо.
Шаардлагатай тохиолдолд нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж өргөн хэрэглээний зах, худалдааны төвүүдийн ажлын цагийг хязгаарлах арга хэмжээг авч ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгосон байна. Харин зах, худалдааны төвүүдийг хаах шийдвэр гаргаагүй байна.
Энэ талаар Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар болон Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханаас тодрууллаа.
НИЙСЛЭЛИЙН ЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТСИЙН ДАРГА Ц.МӨНХБААТАР:
-Зах, худалдааны төвүүдийг хаах шийдвэр Нийслэлийн онцгой комиссоос гараагүй. Ташаа мэдээлэл тарж байна. Нарантуул, Хархорин зэрэг захыг хаах талаар зарим хүн санал гаргасныг хэлэлцээд шаардлагагүй гэж үзсэн. Хэрэв хаавал хүнс, барааны хомсдол үүсэх учраас Нийслэлийн Онцгой комисс ийм шийдвэр гаргаагүй
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ С.АМАРСАЙХАН:
-Өргөн хэрэглээний бараа болон хүнсний бүтээгдэхүүн худалдаалдаг томоохон зах, худалдааны төвүүдийг хаахгүйгээр ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг эрчимжүүлэх шаардлагатай.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.