Шуудангийн сүлжээгээр дамжуулах илгээмжийг чөлөөтэй солилцох баталгааг бүрдүүлнэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Дэлхийн шуудан холбооны дүрмийн 10 дугаар нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулийг батлав.
Хууль төслийг БШУС-ын сайд Л.Энх-Амгалан танилцуулсан юм. Дэлхийн шуудан холбоо нь олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд тааламжтай нөхцөл бий болгох үүднээс шуудангийн салбарын үйл ажиллагааг зохион байгуулах, боловсронгуй болгож хөгжүүлэх, түүнчлэн шуудангийн салбарт техникийн туслалцаа олгох чиг үүрэг бүхий НҮБ-ын төрөлжсөн агентлаг юм. Өнөөгийн байдлаар тус холбоонд 192 улс гишүүнээр нэгдсэн бөгөөд холбооны төв нь Щвейцарын Холбооны Улсын Берн хот, Ази-Номхон далайн бүс нутгийн салбар нь Тайландын Вант Улсын Бангкок хотод байрладаг. Тус холбооны эрх барих дээд байгууллага нь Бүрэн эрхт төлөөлөгчдийн Их хурал бөгөөд дөрвөн жилд нэг удаа хуралдаж, холбооны дүрэмд оруулах шаардлагатай нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэн баталж, уг өөрчлөлтүүдийг гишүүн орнууд дотооддоо хууль болгож батламжилдаг байна.
Манай улс 1963 онд тус холбооны бүрэн эрхт гишүүнээр элсэж, 1964 онд Австри Улсын Вена хотноо болсон Их хурлаар хэлэлцэн баталсан Дэлхийн шуудан холбооны дүрмийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ. Улмаар 1968 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар соёрхон баталжээ.
Харин 2018 оны есдүгээр сард Дэлхийн шуудан холбооны Бүрэн эрхт төлөөлөгчдийн ээлжит бус гуравдугаар Их хурал Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Этиоп Улсын нийслэл Аддис Абаба хотноо хуралдаж, тус холбооны дүрмийн 10 дугаар нэмэлт протоколыг баталжээ. Энэхүү нэмэлт протоколоор шуудангийн салбарын тогтвортой хөгжлийг хангах, үйлчилгээний чанар, үр ашгийг дээшлүүлэх, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, шуудангийн сүлжээгээр дамжуулах илгээмжийг чөлөөтэй солилцох баталгааг бүрдүүлэх, шинэ техник, технологи нэвтрүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх ач холбогдолтой гэж Засгийн газар үзэж буйг БШУС-ын сайд Л.Энх-Амгалан илтгэлдээ онцлов.
Одоогоор манай улсад 70 орчим аж ахуйн нэгж шуудангийн үйлчилгээ эрхэлж байгаагаас 44 нь тогтмол ажилладаг байна. Шуудангийн үйлчилгээнээс өнгөрсөн онд улсын төсөвт 210 гаруй тэрбум төгрөгийн орлого оруулжээ.
Хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, баталснаар чуулганы өнөөдрийн хуралдаан өндөрлөв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.