Х.Нямбаатар: Т.Чимгээг эрүүдэн шүүсэн асуудлыг энэ сарын 31-нд хэлэлцэнэ

Х.Нямбаатар: Т.Чимгээг эрүүдэн шүүсэн асуудлыг энэ сарын 31-нд хэлэлцэнэ

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж байгаа Т.Чимгээгийн төрсөн ах Т.Хүрэлбат өчигдрөөс (2021.03.25) Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаад байгаа. 

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар дөнгөж сая түүнтэй уулзаж  эрүүл мэнд, ковидын үеийн аюулгүй байдлаа бодон, өлсгөлөнгөө зогсоохыг хүслээ. Гэвч Т.Хүрэлбат дүүтэй нь холбоотой энэ хэргийг эцэслэн шийдэх хүртэл өлсгөлөнгөө зогсоохгүй гэж мэдэгдлээ.

Х.Нямбаатар сайдын хэлснээр Т.Чимгээг эрүүдэн шүүсэн асуудлаар Улсын Дээд шүүхийн шүүгч Ч.Хосбаяр тэргүүтэй шүүгчид энэ сарын 31-ний өдөр хуралдах гэж байгааг хэллээ. Тиймээс Дээд шүүхийн шийдвэр гартал өлсгөлөнгөө түр азнахыг хүсэв.

Дээд шүүх Т.Чимгээгийн гэм буруутай эсэхийн тухайд биш харин түүнийг эрүүдэн шүүж, гүйцэтгэх ажиллагаа явуулсантай холбоотой олон нийтэд ил болсон буюу шинээр нотлох баримт үүссэнтэй холбоотой асуудлыг хэлэлцэж, шийдвэр гаргах  юм байна. 

Тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулж “Ял эдэлж байгаа ч  эмэгтэй хүний өрөөнд эрэгтэй хүнийг оруулах, гүйцэтгэх ажиллагаа явуулах бол эрүүдэн шүүлт мөн. Монгол Улс Эрүүдэн шүүлтийн эсрэг Олон улсын конвенцид нэгдэн орсон улсын нэг.  Тийм учраас Монгол Улсын Засгийн газар ямар ч монгол хүнийг эрүүдэн шүүхийн эсрэг ажиллана. Цаашид Т.Чимгээд тохиолдсон ийм зүйл нэг ч монгол хүнд тохиолдох ёсгүй” хэмээн мэдэгдэв.

Энэ үеэрээ мөн цагдаагийн алба хаагчидтай уулзаж, өлсгөлөн зарлаж буй Т.Хүрэлбатын аюулгүй байдал, эрүүл мэндэд анхаарч, холбогдох арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгосон юм. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.