Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ш.Цогтоог чөлөөлж, Ж.Эрдэнэбулганыг томиллоо

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж шийдвэрлэв. 2021 оны гуравдугаар сарын 25-ны үдээс хойших хуралдааны үеэр тус асуудлыг хэлэлцэх явцад Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг нэг өдрийг завсарлага авсан, өнөөдрийн хуралдааны эхэнд дахин нэг цагийн завсарлага авсан нь дууссан тул хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн юм. Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, тус бүлгийн дэд дарга Н.Ганибал танилцуулсан. Дараа нь Жуужаагийн Эрдэнэбулганыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох саналыг дэмжих томьёоллоор санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 66 гишүүний 53 нь дэмжлээ. Ийнхүү нэр дэвшигчийг томилохыг Улсын Их Хурлын гишүүдийн олонх дэмжснээр “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдсан тул Улсын Их Хурлын дарга тогтоолын эцсийн найруулгыг уншиж танилцуулав. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар хэсгийн 1, 2 дахь хэсэг, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэг, 4 дүгээр зүйлийн 4.2, 4.4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.2 дахь хэсгийг үндэслэн Улсын дээд шүүхийн санал болгосноор Жуужаагийн Эрдэнэбулганыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилж, бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон Шарын Цогтоог Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөхөөр тогтоолд тусгажээ. Энэхүү тогтоолыг 2021 оны гуравдугаар сарын 26-ны өдрөөс дагаж мөрдөх юм байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр амжилттай ажилласан Шарын Цогтоод Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар талархал илэрхийлээд “Шинээр томилогдож буй Ж.Эрдэнэбулган гишүүнд гагцхүү Монгол Улсын Үндсэн хуулийг дээдэлж, хэнээс ч хараат бусаар, Үндсэн хуулийн манаанд зогсох үүргээ чин шударгаар биелүүлэхийг хүсье. Улсын дээд шүүх, ойрын хугацаанд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулах хоёр дахь саналаа хэлэлцүүлээрэй” гэлээ.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Нэгдсэн хуралдаанд хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулах бөгөөд Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжсэн бол хууль эцэслэн баталсанд тооцно” хэмээн заасан байдаг бөгөөд үдээс өмнөх нэгдсэн хуралдааны төгсгөлд хуулийн төслүүдийг эцэслэн батлах санал хураалт явуулж, хуулиудыг баталсан юм. Дэлхийн шуудан холбооны дүрмийн 10 дугаар нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлахыг Улсын Их Хурлын 45 гишүүн дэмжсэн юм. Ийнхүү хууль батлагдсан тул Улсын Их Хурлын дарга эцсийн найруулгыг уншиж танилцуулав.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-т “Улсын Их Хурлын дарга хууль санаачлагчаас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Байнгын хороог, хэрэв тухайн төсөл хэд хэдэн Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарахаар бол холбогдох болон бусад Байнгын хороог Зөвлөлтэй зөвшилцөн тогтоож, нэгдсэн хуралдаанд мэдээлнэ” гэж заасан байдаг. Энэ дагуу Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өргөн мэдүүлсэн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх Байнгын хороодыг мэдээллээ. Тухайлбал, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Төсвийн болон Нийгмийн бодлого, Эдийн засгийн байнгын хороонд хуваарилжээ. Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороонд, Хууль зүйн туслалцааны тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Хууль зүйн байнгын хороонд, Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Нийгмийн бодлогын байнгын хороонд, ““Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм”-ийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Ёс зүй, сахилга, хариуцлагын байнгын хороонд, Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциац хоорондын нэмэлт Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд тус тус хуваарилжээ. Үүгээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.