Франц улсын иргэн 620 гаруй хүнтэй дам болон нэгдүгээр хавьталд оржээ

Франц улсын иргэн 620 гаруй хүнтэй дам болон нэгдүгээр хавьталд оржээ

“КОВИД-19”-ийн халдвар авсан Франц улсын иргэн энэ сарын 2-7-ны өдрүүдэд Монголд хэрхэн зорчсон талаарх мэдээллийг хүргэж байна

Монгол Улсад шинэ коронавирус буюу “КОВИД-19”-ийн анхны тохиолдол энэ сарын 10-нд Франц улсын иргэнээс илрээд байна. Тухайн иргэн энэ сарын 2-нд Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор зорчиж “Чингис хаан” нисэх онгоцны буудалд буужээ. Нисэх онгоцны буудалд байхдаа такси захиалж “Баянгол” зочид буудалд байрласан гэнэ. Ирсэн өдөртөө “ICC” цамхгийн гуравдугаар давхарт оффист ажиллаад, Төв номын сангийн урд талын KFC сүлжээ ресторанаас хоол захиалж өрөөндөө идээд амарсан байна. Өчигдрийн байдлаар Франц улсын иргэнтэй нэгдүгээр зэргийн хавьталд орсон 120 гаруй хүнийг тусгаарлан шинжилгээ авч, халдварласан иргэний үйлчлүүлсэн газруудыг нь битүүмжилж, ариутгал шалгалт үргэлжиллээ. Үүнээс гадна дам хавьталд орсон 500 орчим хүн байгаа юм. Халдвар авсан Франц улсын иргэн 57 настай бөгөөд Монголд ажиллаж амьдарч байгаад нутаг буцаад ирсэн нь энэ. Монгол Улсад ирж Баянгол зочид буудалд байрлахад нь 14 хоног өөрийгөө тусгаарлаж, ажиглах зөвлөмж өгсөн ч хайхраагүй аж. Энэ сарын 2-7-ныг хүртэлх хугацаанд тухайн иргэн Баянгол зочид буудалтай ойролцоо байрлах зарим ресторан, оффисоор үйлчлүүлж, Дорноговь аймаг руу галт тэргээр зорчжээ. Монголд ирсэн эхний өдрөөс хойш хэрхэн зорчсон тухай тоймлон хүргэе.

Гуравдугаар сарын 3-нд: “Баянгол” ресторанд өглөөний цай уусан. Ажилдаа алхаж очоод оффистоо ажилласан. Чойжин ламын музейн баруун талд байрлах “Веранда” ресторанд өдрийн хоол идээд “ICC” цамхгийн оффист ажиллаад өрөөндөө оройн хоол захиалж иджээ.

Гуравдугаар сарын 4-нд: “Баянгол” ресторанд өглөөний цай уусан. Ажилдаа алхаж очоод оффистоо ажиллаж, “Веранда” ресторанд ажлын гурван хүний хамт өдрийн хоол идээд “ICC” цамхгийн оффист ажиллаад Төв номын сангийн урд талын “KFC”-гээс буудлын өрөөндөө оройн хоол захиалж идсэн.

Гуравдугаар сарын 5-нд: “Баянгол” ресторанд өглөөний цай уусан. Ажилдаа алхаж очоод оффистоо ажилласан. “Ариг рамен” ресторанд оффисын хоёр ажилтантай хамт өдрийн хоол идээд орой буудлын өрөөндөө хоол захиалжээ.

Гуравдугаар сарын 6-нд: “Баянгол” ресторанд өглөөний цай уусан. Ажилдаа алхаж очоод оффистоо ажилласан. Өдрийн хоол идээгүй бөгөөд оффисоосоо шууд байрласан зочид буудал руугаа очоод, УБТЗ галт тэрэгний буудал руу таксидаж явсан. УБ-Сайншанд чиглэлийн 286 дугаар галт тэрэгний 10 дугаар вагоноор купендээ ганцаараа зорчсон байна. Маргааш нь буюу энэ сарын 7-нд Сайншандад бууж жолооч нь тосч аваад, Дорноговь аймгийн Улаанбадрах суманд байрлах “Бадрах Энержи” буюу “Арева” уул уурхайн компанийн Зөөгч-Овоогийн ажилчдын байранд очиж, тэндээ тусгаарлагджээ. Тэрбээр Сайншандад дэлгүүр, буудал гэх мэт олон нийтийн газраар зорчоогүй аж.

Үйлчлүүлсэн ресторанууд нь цахим мэдэгдэл гаргав

“КОВИД-19”-ийн халдвар авсан үедээ Францын иргэний Улаанбаатар хотод байхдаа үйлчлүүлсэн гурван ресторанаас цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийжээ. "Ариг рамен" рестораны зүгээс “Манай ресторанууд эрүүл ахуйн мэргэжлийн, олон улсын стандарт хангасан FHC байгууллагын байнгын хяналтад ажилладаг. Тухайн үед халдваргүйтгэл, ариутгал байнга хийж байсан” хэмээн онцоллоо. Харин “Веранда” рестораны зүгээс “Ажилчид хувийн ариун цэврийг сахиж амны хаалт, бээлий тогтмол өмсөж, ширээ бүр дээр ариутгалын спиртийн агууламжтай шингэн тавьж, нэг удаагийн нойтон алчуур сальфетка хэрэглэдэг. Бохирдсон аяга таваг, хэрэгслийг зориулалтын угаагч машинаар угааж, ариутгагч халуун баригчид хадгалж хэрэглэдэг. Ажилчид сайн дураараа ажиглалт шинжилгээнд хамрагдаж байгаа болно” гэжээ. “KFC”-гийн зүгээс “Францын иргэн манай хүргэлтийн ажилтнаар хоол хүргүүлээгүй. Салбарын ажилтнуудаас халуурсан зэрэг ямар нэг сэжигтэй тохиолдол илрээгүй” гэдгийг мэдээлсэн юм. Ийнхүү нэг хүний хариуцлагагүй үйлдлийн улмаас олон иргэний эрүүл мэндэд хохирол учирч, цаашлаад амь насанд эрсдэл учирч болзошгүй нөхцөл байдал үүслээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.