Үсэглэлийн аварга М.Түвшинзаяа: Шагналынхаа мөнгөнөөс хүүхдүүдэд ном авч өгнө

Үсэглэлийн аварга М.Түвшинзаяа: Шагналынхаа мөнгөнөөс хүүхдүүдэд ном авч өгнө

“Номадиа пикчерс”, “Боловсрол” телевиз хамтран Нидерланд улсын “Еndеmоl Shine Group”-ийн албан ёсны эрхтэйгээр телевизийн салбарт шинэлэг контентыг үүсгэж олны талархлыг хүлээгээд байгаа билээ. Энэ бол 3-7 дугаар ангийн хүүхдүүдийн дунд зохиогдсон “Үндэсний үсэглэлийн аварга” шалгаруулах шоу юм. Эх хэлнийхээ боловсролыг хойч үедээ түгээх зорилготой уг шоуг хүүхэд, томчуудгүй шимтэн үзэх дуртай болсон. Нэвтрүүлгийн туршид олон нийтийн дунд зөв бичих дүрмийн мэтгэлцээн дэгдээгээд амжсан уг нэвтрүүлгийн ялагч охин “Соёмбо” бага сургуулийн тавдугаар ангийн сурагч М.Түвшинзаяагийн адтай, ухаантай, зорилготой, тууштай зан үе тэнгийнхэнд нь төдийгүй нийгэмд үлгэрлэхүйц гэдгийг түүний ярилцлагаас та бүхэн бэлхнээ харж болно.


-“Үндэсний үсэглэлийн аварга” болоход нь ямар сэтгэгдэл төрсөн бэ?

-Нэг л итгэж өгөхгүй, зүүдлээд байгаа юм шиг санагдсан. Хүмүүс алга ташаад “Түвшинзаяа” гээд орилоход нь л өөрийн эрхгүй нулимс гарсан. Тэр үед надад үргэлж тусалж дэмждэг гэр бүлийнхэн болон багш, ангийнхандаа маш их талархаж байсан. Түрүүлснийг минь мэдээд маш олон хүн залгаж баяр хүргэсэн. Мөн аав, ээж маань фэйсбүүк дээр олон хүн миний охинд баяр хүргэж сайн сайхныг хүссэн байна гэж хэлсэн. Би энэ нэвтрүүлэгт орсноороо их урамшсан.

-Тэмцээний үеэр хэцүү санагдсан  ямар сорилт байсан бэ?

-Анх удаа камерын өмнө гарч байгаа учраас маш их сандарсан. Тайзан дээр гарахад нүүр улайгаад, өвдөг чичрээд хэцүү байсан. Хурдан үсэглэл дээр оюуны хурд, авхаалж шаарддаг болохоор хамаг хүчээ дайчилж оролцсон. Буухиа үсэглэл нь багаар оролцдог болохоор өмнөх хүүхдээ анхааралтай сонсох хэрэгтэй юм билээ. Тавдугаар шатанд Амин-Эрдэнэ, Номин, Ягаанцэцэг, Ханбулаг нартай нэг баг болж амжилттай оролцоод зургаадугаар дугаарыг алгассан нь сайхан байсан. Бас баззертай үе дээр хурдан дарах шаардлагатай. Мөн өмнө нь сонсож байгаагүй, утгыг нь мэдэхгүй үг таарахаар үсэглэхэд хэцүү байсан. Монгол хэл маань арвин баялаг үгийн сантай  юм байна. Хүүхдүүд бид үгийн баялгаа сайжруулахын тулд ном сайн унших хэрэгтэй.

-Өрсөлдөгч нараас  нь хэн хамгийн сайн, түрүүлж магадгүй гэж бодогдож байсан бэ?

-Нэгдүгээр сургуулийн Хажидмаа, 11 дүгээр сургуулийн Марал, Амин-Эрдэнэ нар маш сайн үсэглэдэг. Ер нь өрсөлдөгчид маань бүгдээрээ их мундаг, сайн бэлтгэлтэй байсан.

-Үгээ зөв үсэглэхэд мэдээж хамгийн түрүүнд зөв бичих дүрмээ маш сайн мэддэг байх хэрэгтэй шүү дээ. Томчууд их алдаатай бичиж байгаа харагддаг уу?

-Үгийг үсэглэхэд маш богинохон хугацаанд дүрмээ л бодно. Хамгийн эхлээд үгийн үндсийг нь бодож, дагавар, нөхцөл залгахад хэрхэн өөрчлөгдөх, эгшиг гээгдэх эсэхийг бодно. Тэмцээний бичлэгийн дор хүмүүс коментоор “батажна” гэдэг үгийг “батжина” гэж буруу бичээд байсан. Хүмүүс алдаатай бичээд байгаа нь харагддаг. Жишээ нь, “нөхдөдөө” гэдэг үгийг “нөхөддөө” гэж бичээд байдаг. Дүрмийн хувьд үгийн үндэс нь ”нөхөр”. Түүн дээр олон тооны “д” дагавар нөхцөл залгаад нөхөд болно. Түүн дээр өгөх оршихын тийн ялгалын “д” залгаад “нөхдөд” болно. Түүн дээр ерөнхийлөн хамаатуулахын “өө” нөхцөл залгаад “нөхдөдөө” болно. “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь”-оо уншиж судалж, үг зүйн задлан ялгал сайн хийж сурвал алдаагүй бичиж сурах боломжтой. Бас утгын алдаатай зарлалын самбарууд их хөгжилтэй. Жишээ нь, “Дугуй завсар”, “Үхрийн гараар татсан махтай хуушуур”, “Солонгос хүүхдийн арьсан гутал зарна” гэх мэт. /инээв/

-“Үндэсний үсэглэлийн аварга” шиг хүүхдийн боловсрол, мэдлэгт нөлөөлөхүйц өгөөжтэй танин мэдэхүйн нэвтрүүлгүүд хэр үздэг вэ?

-“Dreambox”-ийн “Да Винчи”, “Монгол HD” телевизийн “DNА”, “Voice”, “Авьяаслаг монголчууд” нэвтрүүлгүүдийг үзэх дуртай. “Боловсрол” телевизийн “Та тавдугаар ангийн хүүхдээс ухаантай юу?” нэвтрүүлгийг үзэх дуртай байсан. Одоо тавдугаар ангид орсон учраас энэ нэвтрүүлэг ахиж гарвал би заавал орно доо гэж боддог.

-Орон даяар хөл хорио тогтоосон болохоор хүүхдүүд гэртээ цахимаар хичээлээ хийж байгаа шүү дээ. Өдрийг хэрхэн өнгөрүүлж байна даа?

-Төгөлдөр хуур тоглоно. (Бетховены “Сарны сонат”-ыг тоглож үзүүлэв). Харри Поттерын цувралуудыг уншиж байна. Үе тэнгийнхэн дээ захихад энэ завшааныг ашиглаад ном сайн уншаарай гэж хэлмээр байна. Бас би зураг зурах дуртай. (Зурсан зургуудаа үзүүлэв).

-Цахимаар хичээл ороход нь ойлгомжтой зааж байна уу, учир дутагдалтай зүйл байна уу?

-Багш нар маань цахимаар хичээлээ гоё зааж байгаа. Гэхдээ хичээлээ зурагтаар үзнэ гэдэг нэг талын учир дутагдалтай л даа. Багшаасаа ойлгоогүй зүйлээ шууд асуугаад, ангидаа хичээл орох хамгийн гоё. Манай багш нар групп нээгээд, өдөр болгон даалгавар өгч байгаа. Бид хийсэн даалгаврынхаа зургийг дараад, багш руугаа мессэнжерээр явуулж шалгуулдаг.

-Маш олон медальтай юм байна. Хамгийн анхны шагналаа ямар олимпиадаар авч байсан бэ?

-Би хамгийн анх нэгдүгээр ангидаа “Бага сунгаа” олимпиадад оролцож алтан медаль авч байсан. Энэ миний хамгийн хайртай медаль. Түүнээс хойш математик, монгол хэлний олимпиадад оролцож, нийт 45 медаль авсан.

-Ээж, аав нь юу хийдэг вэ? Чамд юу гэж захиж сургадаг вэ?

-Ээж маань Хөдөө аж ахуйн их сургуульд багшилдаг, аав маань Хаан банкинд ажилладаг. Би хөл муутай болохоор хүүхдүүд намайг шоолоод байдаг. Би түүнийг нь үргэлж эергээр хүлээж авдаг. Манай эмээ надад “Хүн ухаанаараа амьдардаг” гэж захидаг болохоор би огт эмзэглэдэггүй.

-Шагналын мөнгөө эмчилгээндээ зарцуулна гэж сонссон?

-Тийм. Хөл маань өвдөөд байгаа болохоор эмч нар гадаадад эмчлүүлэх шаардлагатай гэсэн. Гэхдээ дэлхий даяар коронавирусний улмаас олон мянган хүн өвдөж байгаад эмзэглэж байна. Хүүхдүүд бид ч айдастай байгаа. Эрүүл мэндийн яамны ах эгч нар, эмнэлгийн эмч нар маань бидний эрүүл мэндийн төлөө өдөр шөнөгүй ажиллаж байгаа болохоор өөрийнхөө зүгээс шагналын мөнгөнөөсөө тодорхой хэмжээний мөнгийг Эрүүл мэндийн яаманд хандивлана гэж бодож байна. Ээж, аав маань ч намайг дэмжиж байгаа. Мөн сонирхсон номыг нь аваад өгөх боломжгүй хүүхдүүдэд гоё ном өгч баярлуулна гэж бодож байгаа. Коронавирусний хөл хорио дуусахаар өөрөө номын дэлгүүрээс номоо сонгоно доо.

-Том болохоороо ямар мэргэжилтэй болохыг мөрөөддөг вэ?

-Том болоод эмч болно гэж мөрөөддөг. Яагаад гэвэл өвчтэй хүмүүсийг эмчлээд эрүүл болгосноор аз жаргал, элэг бүтэн амьдрал бэлэглэж байна гэдэг  хамгийн сайхан санагддаг.

-Томчуудыг ямар байгаасай гэж боддог вэ?

-Заримдаа мэдээ үзэхээр их хурлын гишүүд хэрэлдээд, нэг нэгнээ муу үгээр хэлж байгаа нь муухай санагддаг. Бас зарим хүмүүс хүнийг харагдаж байгаагаар нь ялгаж харьцдаг нь тоогүй санагддаг. Ер нь хүмүүсийг бие биедээ сайхан сэтгэлээр хандаж байгаасай гэж боддог. Гадаа гарахаар хөл гишгэх зайгүй дүүрэн машин байдаг болохоор томчууд хэтэрхий их барилга барихаасаа илүү хүүхдүүдэд тоглох том тоглоомын талбай олныг бариасай гэж  боддог.

-Үе тэнгийн хүүхдүүдийнхээ авууштай сайхан чанар болон шүүмжлэлтэй хандмаар зүйлсийг хуваалцаач?

-Найзууд маань нэг нэгнээ маш их дэмжиж тусалдаг болохоор бүх хүүхдүүд тийм байгаасай гэж боддог. Би “Тик ток” аппликешн хэрэглэдэг юм л даа. Зарим хүүхдүүд миний бичлэг доор үг хэлээр доромжлох зэргээр соёлгүй үг хэрэглэдэг.

-Ангийнхнаа санаж байна уу. Ярианыхаа төгсгөлд ангийнхандаа, багшдаа хандаж мэндчилгээ дэвшүүлэх юм уу?

-Ангийнхныгаа маш их санаж байна шүү. Манай анги маш авьяаслаг, онц сурлагатан анги. Ангиараа ноднин монгол хэлний олимпиадад ороод шилдэг аравт орж байсан. Олон ч тэмцээн, уралдаанд амжилттай орж байсан. Ангийн маань амжилт, мөн миний “Үндэсний үсэглэлийн аварга” болсон минь багштай минь салшгүй холбоотой болохоор монгол хэлний багш Б.Цолмонтуяа, ангийн багш Б.Баттогтох гээд надад эрдэм мэдлэгийг зааж өгсөн бүх багшдаа баярлалаа, хайртай шүү гэж хэлмээр байна.


Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.