Ариутгалын бодисын нөөц, техник төхөөрөмжийн бэлэн байдлыг шалгав

Ариутгалын бодисын нөөц, техник төхөөрөмжийн бэлэн байдлыг шалгав
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Улаанбаатар  хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр болон бусад холбогдох албаныхан (2020.03.11) нийтийн эзэмшлийн гудамж талбай, аж ахуйн нэгж байгууллагын орчны халдваргүйжүүлэлтийн ажлын явцыг шалгаж, нийслэлийн хэмжээнд ариутгал халдваргүйжүүлэлт хийх  тусгай зөвшөөрөлтэй  гэрээт компаниудын төлөөллүүдтэй уулзсан юм. Хотын удирдлагууд  халдваргүйжүүлэлтийн ажилд тулгамдаж буй асуудал бий эсэх талаар санал солилцоод ариутгалын бодисын нөөц, техник төхөрөөмжийн бэлэн байдлыг  үзэж шалгалаа.
Монгол Улсад коронавирусийн тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан хотын Захирагч ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг эрчимжүүлж, хүнсний зах худалдааны төвөөс бусад бүх төрлийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг энэ сарын 16-ны өдрийг хүртэл түр зогсоох захирамж гаргасан. Захирамжийн хүрээнд  тусгай зөвшөөрөл бүхий гэрээт 37 компанийн ажилчид ариутгал халдваргүйжүүлэлтийг гүйцэтгэж байна. Өнөөдрийн байдлаар худалдаа үйлчилгээ, хоол үйлдвэрлэл, ахуйн үйлчилгээний болон эрсдэл бхий цэг салбарын нийт 18758 цэгт ариутгал халдваргүйжүүлэлтийг хийсэн талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр мэдээллээ.
Тэрбээр “ Өнгөрсөн хоёрдугаар сараас эхэлж бүх нийтийн гудамж талбай, орон сууцны гол замууд, гэр хорооллын 200 мянган айл өрхийн модон жорлон, томоохон зах худалдааны төвүүдэд, аж ахуйн нэгжүүдэд ариутгал халдваргүйжүүлэх ажлыг хийж байна.  Цаг агаар +5 градус хүрч дулаарч эхэлмэгц агаар чийгшүүлэгч машинуудаар халдваргүйжүүлэх ажил эхэлнэ. Агаар чийгшүүлэгч машинуудын бэлэн байдлыг хангасан байгаа.” гэв. Мөн нийслэлийн 380 гаруй км хатуу хучилттай зам,  нийт 9,2 сая метр квадрат нийтийн эзэмшлийн талбайг ариутгаж халдваргүйжүүлэхээр төлөвлөсөн талаараа дуулгалаа.

“Нийслэлийн хэмжээнд ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж байгаа компаниудад ариутгалын бодисын нөөц хангалттай байгаа. Одоогийн байдлаар хүндрэлтэй асуудал алга. Мэргэжлийн хяналтын газраас ариутгалын бодисуудад шинжилгээ авч стандартын дагуу байгааг тогтоосон. Тусгай зөвшөөрөл бүхий гэрээт компаниудыг зохион байгуулалтад оруулаад ажлыг нь эрчимжүүлээд байна.  100 метр квадратыг нэг минутад халдваргүйжүүлэх хүчин чадалтай мананцар үүсгэгч цөөн тоогоор бий” хэмээн “Монголын ариутгал халдваргүйжүүлэлтийн төв” ТББ-ын тэргүүн Н.Баасанжав хэллээ.
Хотын Захирагч С.Амарсайхан нийтийн эзэмшлийн гудамж талбайг ариутгаж халдваргүйжүүлэх ажлыг хийхэд ногоон байгууламжид сөргөөр нөлөөлөхгүй байх тал дээр анхаарч ажиллахыг сануулаад, БНХАУ болон АНУ ашигладаг  орчин үеийн техникийн дэвшилтэт технологийн ариутгал халдваргүйжүүлэлтийн төхөөрөмжүүдийг судалж яаралтай танилцуулахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөрт даалгалаа. Түүнчлэн ариутгалын ажлыг хийж байгаа ажилчдын аюулгүй байдлыг сайтар хангаж, халдваргүйжүүлэлтийн төхөөрөмжүүдийн тоог нэмэх үүргийг холбогдох албаныханд өгөв.
Нөхцөл байдал хүндэрч болзошгүй энэ үед ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг эрчимжүүлэхэд нэмэлтээр дүүргийн тохижилтын компаниудын автомашинуудыг ашиглаж бүх нөөц бололцоогоо дайчлан ажиллана гэдгийг нийслэлийн Хот тохижилтын газрын дарга Б.Бямбадорж хэллээ.

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.