Жан Зи: “Нисдэг чинжаалуудын ордон”-д тоглохын тулд сохор охинтой амьдарсан
“Гейшагийн дурсамж” киноны дуулиан шуугианы дараа гол дүрийн жүжигчин Жан Зиг хятад бүсгүй япон гейшагийн дүр бүтээлээ гэх шүүмжлэл дагаж түүнээс багагүй тайлбар шаардсан. Гэвч одоо тэр Холливудын “бүрэн эрхт” жүжигчин. “Би Холливудад байж байна гэж төсөөлж байгаагүй. Бээжингээс Америк хүртэл надад их хол санагддаг байлаа. Яг л сар шиг. Харин одоо энд надад маш их таалагдаж байна. Энд үлдмээр санагддаг” гэж хамгийн өндөр эрэлттэй хятад жүжигчин ярьдаг. Өдгөө 41 настай, хоёр хүүхдийн ээж, айлын гэргий түүний ид гялалзаж байсан 2014 оны үеийн нийтлэл, ярилцлагыг сонирхуулъя.
Шилдэг найруулагчийн хараанд өртсөн нь
Жан Зи эдийн засагч-эрдэмтний гэр бүлд төржээ. Тэднийх нэг их баян айл биш байв. Ээж нь хүүхдийн цэцэрлэгийн сурган хүмүүжүүлэгч багш. Аав нь охиноо найман нас хүрэхэд бүжгийн сургуульд явуулж эхэлжээ. Сургуулийн удирдлагуудтай удаан ярилцсаны эцэст Зиг ардын бүжгийн ангид авчээ. “Би бага байхдаа их сул биетэй хүүхэд байлаа. Байнга өвддөг байсан. Эцэг эх маань намайг хөөрхийлөлтэй “дэгдээхэй” болоосой гэж хүсдэггүй байсан юм” гэж тэрбээр дурссан байдаг. “Тэд намайг бүжгийн сургуульд булчингаа сайн хөгжүүлээсэй гэж оруулсан. Би ч бүгдийг аав, ээжийнхээ хүссэнээр хийсэн. Гэвч тэд миний эрүүл мэндэд санаа тавьсан хэвээр л байдаг байв. Харин надад энэ нь хэцүү санагддаг байсан. Би гэрээсээ явахыг хүсдэг байсан. Тэнд уйтгартай байдаг байв” гэж Жан Зи дурссан юм. Тийнхүү охин бүжгийн сургуулийн сурагч болмогцоо гэрээсээ явжээ. Гэвч удалгүй хийсэн үйлдэлдээ харамсахад хүрсэн аж. Тэр өглөө эртнээс шөнө дөл болтол хичээллэж байв. “Би өглөөний таван цагт босдог байсан. Шөнийн арван нэгт унтвал их юм. Надад багш нарын анхаарал дор, ангидаа лидер нь болоод явж байх шаардлага тулгарсан. Эцэст нь би энэ бүхнийг тэвчээгүй зугтчихсан. Бутны ард нуугдаад багш нар намайг яаж хайж байхыг харсан юм. Тэд бүр цагдаад мэдэгдэхээр шийдээд байсан. Гэвч би энэ бүхнийг төдийлөн шантарч хүлээж аваагүй. Харин ээжийнхээ хоолойг сонсоод л бууж өгсөн юм. Одоо энэ бүгдийг эргээд бодоход юунд ч харамсдаггүй. Тэр он жилүүд миний хувьд сайн “сургууль” байсан юм. Маш их зүйлийг ухааруулсан. Одоо надад өөрт байгаа хүчээрээ юу ч хийж болмоор, бас бүх зүйл байгаа мэт санагдаж байна” гэж алдарт жүжигчин ярих аж.
Жан Зи бүжгийн сургуульдаа маш хурдан шилдэг сурагчдын нэг болж чадсан ч энэ урлагтай бүх амьдралаа холбохыг хүсээгүй аж. Нэгэн найзынхаа зөвлөснөөр Хятадын драмын коллежид оржээ. Тэр коллежийн тухай сонсоод хайхрахгүй өнгөрч чадаагүй гэдэг. Тэр даруйдаа л уг сургуульд элсжээ. Энэ тухайгаа тэрбээр “Хамгийн “хайртай” жүжигчин маань надад “Чамайг шалгаруулалт дээр хүлээж байя” гэж хэлэхэд би 16 настай байлаа. Тэгээд шууд л найруулагчид таалагдахын тулд ямар хувцас өмсөх вэ гэж толгойгоо гашилгаж эхэлсэн. Ир гэсэн цагаас нь хамаагүй өмнө студид очлоо. Уулзалтад бэлэн байхын тулд шүү дээ. Гэтэл нэг хүн “Танд рекламны зураг авалт өөр өрөөнд болно гэж хэлээгүй юм уу” гэж хэлсэн. Шампунийн рекламны тухай яриа болох нь тодорхой болов. Тэгэхэд надад ямар байсан гээч...Мэдээж сэтгэлээр унасан” гэж ярьжээ. Тэр тэгэхэд хүссэн дүрдээ шалгарч чадаагүй. Гэхдээ нэрт найруулагч Жан Имоугийн хараанд өртсөн байв...
Супер од
Энэ явдлаас хойш жилийн дараа Хятадын киноны эцэг гэгддэг Жан Имоу шинэ киноныхоо шалгаруулалтыг эхэлжээ. Гол дүрийн 17 настай охины дүрийг сонгох гэж байсан Имоу найруулагч шампунийн рекламны дүр шалгаруулалт дээр харсан инээдэмтэй оюутан охиныг санав. Охин тэр үед үсээ шампуниар их л сэтгэл булаам угааж байсан нь сонирхол татжээ.
“Замын хажуу дахь байшин” кино Жан Зигийн амьдралыг өөрчилжээ. Бүсгүй Хятаддаа супер од боллоо. Түүнээс ярилцлага авч, намтраа ярьж өгөхийг хүсдэг болов. Дараагийн кино “Гэтэж буй бар, нуугдаж отсон луу” жүжигчин бүсгүйг бүх дэлхийд алдаршуулав. Сэтгүүлүүд залуухан хятад бүсгүйн тухай эхний хуудсандаа нийтлэх гэж хичээцгээж байв.
“Миний зураг анх удаагаа сэтгүүлийн нүүрэнд гарахад аав маань тэр сэтгүүлийг бүгдийг нь худалдаад авчихсан. Тийм олон сэтгүүлээр яах гэж байгаа юм бол гэж би гайхлаа. Түүнийг миний асуултад хариулахад би юу ч ойлгоогүй. “Чи алдартай хүн. Энэ сэтгүүлүүдийг ажлынхандаа бэлэглэнэ” гэж аав хэлсэн. Тэгэхэд би их уярч билээ. Би аав, ээжийгээ хэнээс ч илүү хүндэлдэг. Манай гэр бүлийн байдал одоо ч урьдынх шиг хэвээрээ байдаг. Бид бусдын л адил нийтийн тээврээр ажилдаа явдаг хүмүүстэй найзалдаг” гэж Холливудын од ярьж байсан удаатай. Харин Жан Зи өөрөө автобусаар явахгүй, тэгэх шаардлага ч гарахгүй биз. Бүсгүйг Хятадад байхад нь зураг авалтад ах нь машинаараа хүргэж өгнө. Ах нь түүний хамгаалагч, үнэнч туслагч гэхэд болно. Гэвч жүжигчин бүсгүй ихэнхдээ онгоцоор ниснэ. Яагаад гэвэл их амжилтын дараа Холливуд түүнийг урьсан юм.
“Час пик-2” киноны боевик маягийн дүрийг бүтээхийн тулд англи хэлээр ярих шаардлага гарав. Цы бүсгүй бүтэн хоногоор хичээллэж эхлэв. Гэвч англи хэл сурах нь орой болтол бүжиглэхээс хэцүү санагджээ. Зураг авалтыг зогсоохгүйн тулд продюсерууд түүнд зүгээр л өөрийнхөө дүрийн үгийг цээжлэхийг зөвлөжээ. Харин Жан Зи найруулагчаа гонсойлгохыг хүссэнгүй. Холивудад ид нэрд гарч байсан Жэки Чан нутаг нэгтнийхээ хүсэлтийг зөвшөөрч орчуулагч нь болов.
“Харин одоо бол би англичуудтай найзалж байгаа. Миний хамгийн дуртай үг ямар үг гээч. Хараалын үгнүүд. Нэг хичээл дээр би “Ямар балай юм бэ” гэж хэлээд гараад явчихсан юм. Багш санамсаргүй ингэж хэлэхийг маань сонсоод баярласан. “Хөөх, чи англи хэл сайн сурч байна шүү” гээд л... Одоо миний дуртай юм хана цохих. Миний хувьд англи хэлний хичээл ийм л болсон” гээд Жан Зи инээмсэглэж байсан нь саяхан. Харин одоо телевизүүд хөтөлбөртөө түүнийг урьж, Жан ч орчуулагч авч явах хэрэггүй болжээ. Тэр жаахан аялгатай ярьдаг ч гэсэн англи хэлээр ярьж байгаа нь ойлгомжтой.
“Гейшагийн дурсамж”
Гэсэн ч тэр Хятадаа мартаагүй. Хятад ч Зи бүсгүйг мартсангүй. Түүнийг Холливудад алдаршаад удаагүй байхад нь алдарт Жан Имоу “Баатар” кинондоо тоглохыг урив. Тус кино Оскарт шилдэг гадаад кино номинацид нэр дэвшиж байсан юм. Тэгэхэд Жан Зи Хятадын киноны гол найдвар болж байсан билээ. Имоугийн дараагийн кино “Нисдэг чинжаалуудын ордон” нь "Алтан бөмбөрцөг"-т нэр дэвшиж нэрээ мөнхөлж байв. “Нисдэг чинжаалуудын ордон”-ы тухай Зи бүсгүй “Сохор хүний дүрийг дэлгэцнээ амилуулахын тулд би сохор охинтой хэсэг хугацаанд нэг өрөөнд байлгахыг гуйсан юм. Тэр 13-хан настай байсан. Би түүний үйл хөдлөл, дохио зангааг бичиж авсан. Киноны нээлт дээр өөрийгөө хараад энэ чинь би байна гэж таниагүй. Тэгж хөдөлж, зодолдож, тийм өндөрт харайгаад л... Аав, ээж хоёр маань ч харсандаа итгээгүй шүү” гэж дурссан.
Найруулагч нь киноныхоо нээлтийн дараа “Жан Зигээс өөр хэн ч энэ дүрд тоглож чадахгүй байж. Тэр өөрөө ийм өндөрт харайж чадахгүй байсан ч салхи Жаныг өргөөд л хийсгэх байж” гэж хошигнож байсан гэдэг. Жүжигчин бүсгүй нээлтийн хивсэн дээгүүр алхаад л Лос-Анжелес руу нисжээ. Одоо тэр чөлөөтэй зугаалж болно. Цаг, косметик, цэвэр ус, компьютерийн рекламны зураг авалтын гэрээ одоо нэгэн бие даасан хятад бүсгүйн амьдрал болжээ. “Америкт л би амарч чаддаг. Жинхэнэ утгаараа шүү дээ. Араас минь хэн нэгэн мөшгиж дагаад байдаггүй. Бээжинд бол гэрийн маань ойролцоо фанатууд байнга жижүүрлэнэ. АНУ-д бол тийм зүйл байхгүй. Би Аль Пачиногийн киног үзэхээр чөлөөтэй явж, Селин Дионы концертыг үзэж, лексусаараа супер замаар Эминемийн дууг сонсонгоо чөлөөтэй давхиж болно. Бас би гэртээ телевиз үзээд зоргоороо байх дуртай. Энэ бол англи хэл сурах сайн арга юм билээ” гэж Жан Зи ярьдаг.
Бүсгүй нэг удаа “хайртай” Эминемийнхээ дискийг гэртээ мартчихаж. Тэгээд машиныхаа радиог асаажээ. Тэгтэл нэрт Стивен Спилберг алдарт ном “Гейшагийн дурсамж”-аар кино хийж байна. Жүжигчид сонгон шалгаруулж байгаа гэж ярихыг сонсжээ. Жан Зи мэдээж тэр боломжийг алдаагүй. Түүний англи хэл зорилгодоо хүрэхэд нь саад болж байсан ч хятад бүсгүй толь бичиг нээгээд нэг л үг цээжилжээ. “Hire me” буюу “намайг хөлсөл”. “Оскар”-ын шагналт “Чикаго”-гийн найруулагч Стивен Спилберг, Роб Маршалл хоёрыг тодорхой зүйл хүлээж байв. Эхний дублиэр л тэд гол дүрийн жүжигчнээ олжээ.
Хятад бүсгүй япон эмэгтэйн дүр бүтээнэ гэх мэдээ Бээжинд жинхэнэ шуурга дэгдээв. Сонины шүүмжлэлүүдийг Зи аав ээжээсээ олж сонсжээ. Гэвч түүний сэтгэлийг шүүмжлэл бус, огт өөр зүйл эзэмдэж байжээ. Тэрбээр “Би мэдээж гейшагийн тухай юу ч мэддэггүй байсан. Олон ном худалдаж авсан даа. Японы түүхээс ч уншиж судалсан. Одоо бол би гейшагийн талаар муугүй мэдлэгтэй болсон. Бүр лекц уншиж чадна гээч” гэж ярьсан байдаг.
“Гейшагийн дурсамж” Америкт ч алдаршив. Жан Зи Холливудтай үүрд холбогдсон гэхэд болно. “Би Америкт үнэн сэтгэлээсээ дурласан. Энд надад амралтын өдөртэй байдаг нь таалагддаг. Хятадад бол долоо хоногийн бүх өдөр ажиллах хэрэгтэй болдог шүү дээ” гэж тэр дурссан юм. Гэвч АНУ-ын иргэн болох төлөвлөгөө Зид байхгүй. “Би амьдралаа бүр мөсөн өөрчлөх гээгүй байна. Одоо юу мөрөөдөж байна гээч? Гоё инээдмийн дүрд тогломоор байна. Хятадууд бидэнд нэг гоё зүйр үг байдаг юм. “Хүнийг уйлуулах нь инээлгэхээс амархан байдаг юм” гэж. Намайг битгий шоолоорой. Бас би франц хэл сурмаар байна. Дуртай кино болох “Харанхуйд бүжиглэгч”-ээ хадмал орчуулгагүйгээр үзмээр байна. Бас 30 хүрээд л нөхөрт гармаар байна. Гэвч бүх зүйл таашгүй шүү дээ. Ингэж ярих нь утгагүй. Бид оройн хоолондоо юу идэхээ л сайн мэднэ. Маргааш юу болох нь оньсого хэвээр шүү дээ” гэжээ. Тэр амжилтаа нуудаг. “Амжилтын төлөө би их тэмцсэн. Алдахаас айх хэрэггүй шүү. Хүн алдаан дээрээсээ л суралцдаг юм” гэж Холливудад алдаршсан Ази бүсгүй ярьж байна.
"Кун-фу надад хөдлөхөөсөө өмнө бодох хэрэгтэйг сургасан"
Жан Зигийн “Time Out” сайтад өгсөн ярилцлагыг хүргэж байна.
-Дахиад л “төмөр” хатагтайн дүрийг бүтээж байна. Хатуу, зодоонч, өөртэйгөө тэрсэлддэг эмэгтэйн дүр. Та амьдрал дээр ч ийм хүн үү?
-Би хүнд хоёр тал байдаг гэж боддог. Хатуу, бас зөөлөн. Би хатуу дүр дээр ажиллаж байхдаа өөрийгөө олж хардаг, бас зөөлөн дүрд тоглож байхдаа ч өөрийгөө олж хараад байдаг юм.
-Гэхдээ таныг найруулагчид дандаа л чанга хатуу, бууж өгдөггүй эмэгтэйн дүрд сонгох юм...
-Энэ дүрүүдийн ихэнх нь агуу эмэгтэйчүүдийн тухай байдаг юм. Нэг их өндөр ч биш, намхан ч биш. Иймээс л намайг тийм дүрд сонгодог байх.
-“2046” киноны дараа Вон Кар Вай та хоёрыг их дотно болсон гэж сонссон?
-Бид эелдэг дотно харилцаатай. Ялангуяа “Канн-2006” наадмаас хойш. Бид хоёр хоёулаа шүүгчээр ажилласан. Хамтдаа нэлээд удсан. Үүний дараа тэр миний хувьд зөвхөн найруулагч ч биш, багш, найз минь болсон. Вон бол жинхэнэ мастер.
-Та тэгээд л “Их мастер”-т зохиолыг нь ч уншилгүй тоглочихсон уу?
-Би дүрээ ихэвчлэн тэр дүр намайг уяраавал сонгодог юм. Вон Кар Вайд зохиолыг нь хараагүй шууд зөвшөөрсөн. Түүнд итгэж байсан учраас тэр. Ер нь хүнтэй ажиллахад итгэл чухал байдаг. Чамайг чиглүүлэхийг нь зөвшөөр гэсэн үг л дээ. Зохиол байх үгүй нь чухал биш. Вонд өөрийн гэсэн гайхамшигтай арга барил байдаг юм. Ажлын төлөвлөгөөнд маань миний дүрийг нь бүтээж буй баатар сэтгэл хөдлөлөө хүчтэй гаргаж буй нэлээд хэсэг байсан. Тухайлбаал, аавыгаа нас барсан тухай сонсоод тэр цурхиран уйлдаг кадр бий. Эхлээд би кинонд тэгэх ёстой учраас л нулимсаа асгаж байсан. Харин киноныхоо голд ороод ирэхээр тэр дүрд бүрэн ууссан даа. Их ч зүйлийг ойлгосон.
-Тэр таныг кун-фу сур гэсэн үү?
-Тийм ээ. “Их мастер” бусад киноноос илүү тулааны урлагийг харуулж, бидний дотор нуугдан байдаг философийг нээсэн. Аура, харизм, кунг-фуг илүүгээр харуулсан кино. Гурваас таван өдрийн дасгал сургуулилт хийж байсан. Яагаад бид тийм удаан бэлдсэн нь киноноос харагдах байх. Энэ үе миний амьдралыг үнэхээр их өөрчилсөн. Санаа бодлыг минь хүртэл. Кун-фу надад амгалан тайван байдал өгсөн гэж боддог. Хөдлөхөөсөө өмнө боддог болгосон гэх үү дээ.
-Дүрийн сонголт танд нөлөөлдөг байх нь ээ?
-Тийм ээ. Тухайлбал, Жет Литэй хамтран тоглосон “Баатар” кинонд би болгоомжтойгоор, бүх хүчээ дайчлан тоглосон. Надад туршлага ч байгаагүй. Зүгээр л жүжиглэх чадвараараа бүхнийг гүйцэтгэж байсан юм. Гэвч киноноос кинонд тоглосоор би их зүйл ойлгосон доо. Миний хувьд шинэ дүр маань өвөрмөц бөгөөд төгс, өмнө бүтээж байсан дүрүүдээс өөр байх нь чухал. Тийм байвал ажиллахад ч сонирхолтой байдаг юм
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.