Богдхан уулын явган аяллын замыг тохижуулна.
Богдхан уулын Баруун ширээт, Зүүн ширээт рүү гарах замд нийт 11 амралтын цэг байгуулах, Дугуй цагаан буюу амралтын талбайг тохижуулахаар төлөвлөөд байна.
НЗДТГ, “Төгс хандлагаа өөрчилье” ТББ хамтран нийт таван га газрыг тохижуулж, иргэд амрах хэсэг, хүүхдийн тоглоомын талбай, хогийн цэг, нийтийн бие засах газар, явган зам, гэрэлтүүлэг зэргийг хийх юм.
“Төгс хандлагаа өөрчилье” ТББ хоёр га газарт 4000 шинэс, нарс мод суулгаж, өчигдөр 20 аж ахуйн нэгж, 1800 иргэн мод тарихад нэгдлээ.
Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг хуралдаж, Богдхан уулын “Авто зогсоол-Дугуй цагаан” чиглэлийн явган аяллын замыг тохижуулах тухай хэлэлцэв.
Хурлын үеэр Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга “Тохижуулахдаа явган хүний замыг байгалийн материал ашиглаж чулуу, модоор хийнэ. Горхи урсдаг учир ус уух цэгүүд байгуулна” гэсэн бол Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Г.Ганзориг “Нийтийн бие засах газрыг Улсын комисс хүлээж авсан. Хувийн аж ахуйн нэгжтэй гэрээлж ажиллуулна. Хог ачилтыг долоо хоногт хоёр удаа хийхээр төлөвлөсөн” хэмээлээ.
Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн “Зөвхөн Дугуй цагаан гэлтгүй Зүүн ширээт, Цэцээ гүн зэрэг явган алхалт хийхэд тохиромжтой шинэ маршрутыг судлах хэрэгтэй. Нийтийн эзэмшлийн талбайд амралт, зугаалгын тохижилтын санаачилгаараа оролцож байгаа залуус, ТББ-ын үйл ажиллагааг дэмжинэ” гэсэн юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.