Л.Баттөр: Хоёр тун хийлгээд 14-өөс дээш хоногт өвчилсөн тохиолдлуудыг судална.
ЭМЯ-наас ковидын халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.
Хөдөө орон нутаг руу явахаар шинжилгээ өгч байгаа хүмүүсээс халдвар илэрсээр байгааг ЭМЯ-наас мэдээллээ. Хөдөө орон нутаг руу очиж байгаа иргэд очоод 7 хоног тусгаарлагдах, өөрийгөө ажиглах зайлшгүй шаардлагатай юм.
Иргэд та бүхэн өөрөө халдвар аваагүй гэдэгтээ итгэлтэй байгаа ч таны хажууд сууж буй хүн, уулзаж буй хүн тань халдвар тээгээд явж байж болзошгүй цаг үед бид амьдарч байна. Та өвдөхгүй бол таны гэр бүлийн 3-4 хүн өвчлөхгүй.
Дархлаажуулалтад 24 цагийн дотор 55 мянга гаруй хүн хамрагджээ.
ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр цаг үеийн асуудлаар өгсөн мэдээлэлдээ "Аливаа хөл хорионы дараа хөдөлгөөн нэмэгддэг. Үүний дагуу өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо нэмэгдэж байна. 14-21 хоногийн дараа харьцангуй буурч, нас баралт ч багасах хандлагатай. Вакцины эхний тунг хийлгэсэн хүн амаас 0.5 хувь нь өвчилсөн. Олон улсын судалгаагаар ч хоёрдугаар тунгийн дараа халдвар авсан тохиолдлууд байна. Эхний тунгийн дараа дархлаа сайн тогтоогүй байхад халдвар авдаг.
Харин хоёр тунг хийлгээд 14 хоногийн дараа халдвар авсан тохиолдлуудыг нарийвчлан судлах шаардлагатай. Энэ нь яагаад, юунаас болов, аль насныхан байна, дархлаа яагаад тогтсонгүй вэ зэрэг асуулт байна. АНУ-д гэхэд л эдгээр тохиолдлыг нарийвчлан судалж байгаа. Хоёр тунд хамрагдсан ч дархлаа 100 хувь тогтоно гэсэн зүйл байхгүй. Дархлаа вакцинаас хойш 21 хоноод, сар болоод тогтох нь ч бий.
Бид вакцинд хүн амынхаа 60 хувийг хамруулна. Үлдсэн нь хүүхдүүд, жирэмсэн эхчүүд, вакцин хийхэд эсрэг заалттай хүмүүс байна. Иймээс бид вакцин хийлгэсэн гээд тайвширч болохгүй. Халдвар хамгааллын дэглэмээ барьсаар байх ёстой" гэлээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.