М.Оюунчимэг: НДШ-ийг 2 хувиар бууруулахад 94 тэрбум төгрөг шаардлагатай.

М.Оюунчимэг: НДШ-ийг 2 хувиар бууруулахад 94 тэрбум төгрөг шаардлагатай.

 УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин нарын долоон гишүүний өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлахаар болов.

Нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар бууруулахтай холбоотой зохицуулалт бүхий дээрх хуулийн төслийг  УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны энэ сарын 25-ны хуралдаанаараа эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүү М.Оюунчимэг танилцуулав. 

Байнгын хорооны санал, дүгнэлттэй хобогдуулан УИХ-ын гишүүн Д.Ганбат асуулт асууж, хариулт авав. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Ганбат, тэтгэврийн тогтолцоог шинэчлэхийн зэрэгцээ халамжаас хөдөлмөрлөх тогтолцоонд шилжих шаардлагатай талаар асуув. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг гишүүний асуултад хариулахдаа, "Халамжаас хөдөлмөр рүү шилжих, ажлын байрыг дэмжсэн бодлогын арга хэмжээг авч ажиллаж байна. Мөн нийгмийн даатгалын багц хуулийг ХНХЯ-наас өргөн барихад бэлэн болсон. Ингэхдээ, хүн бүр тэтгэвэр тогтоолгохдоо, сонголттой байх, гэр бүлд өвлөгддөг байх зэрэг хувийн тэтгэврийн тогтолцоотой байх олон улсын стандартын дагуу төслийг боловсруулсан. Ажил олгогч, ажилтны төлж байгаа НДШ-ийг цар тахлын амаргүй үеийг харгалзан үзэж тус бүр нэг нэг хувиар бууруулж 8.5 хувь хэвээр үлдээх арга хэмжээ авч байна. Өмнө нь цар тахлын амаргүй үед аж ахуйн нэгжүүдэд 731 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн. Одоо ч цар тахлын хар сүүдэр хэвээр байгаа тул НДШ-ийн 2 хувийг бууруулахаар шуурхай арга хэмжээ авч байна" хэмээлээ. 

Ингээд төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүллээ. 

Дараа нь Нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар бууруулахтай холбоотой зохицуулалт бүхий хуулийн төслийн үзэл баримтлалтай нийцүүлэн өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа танилцууллаа. 

Коронавируст цар тахал дэгдсэнтэй холбогдуулан 2021 оноос ажил олгогч болон даатгуулагчаас төлөх тэтгэврийн даатгалын шимтгэл тус бүр 9.5 хувь болон нэмэгдсэн нь аж ахуйн нэгж, иргэний орлогод нөлөөлж байгааг үндэслэн УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин нарын долоон гишүүн энэ сарын 4-ний өдөр Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн бөгөөд энэхүү хуулийн төслийн үзэл баримтлалтай нийцүүлэн ажил олгогч болон даатгуулагчаас төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэмэгдлийн үйлчлэлийн хугацааг зохицуулж буй Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлага үүсчээ. 

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны энэ сарын 25-ны хуралдаанаар хуулийн төслийн зүйл бүрээр хэлэлцэж, зарчмын зөрүүтэй саналын томёолоор санал хураан шийдвэрлэсэн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа танилцууллаа. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ НДШ-ийг 2 хувиар багасгаснаар төсөвт тодотгол хийх, эсхүл цар тахлын хуулиар төсвийн зохицуулалт хийх эсэхийг тодруулав. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг гишүүний асуултад хариулахдаа, "Байнгын хороо болон төсөл санаачлагчид төсөвтэй холбоотой асуудлыг Төсвийн байнгын хороо, Сангийн яам, Засгийн газрын байр суурийг сонсож судалгаа хийсэн. Долоодугаар сарын 1-нээс гэж хэрэгжүүлбэл 94 тэрбум төгрөг шаардлагатай болж байгаа. Тиймээс Сангийн яамнаас ХНХ-ын сайдын багцад Нийгмийн даатгалын татаас хэлбэрээр 500 гаруй тэрбум төгрөгийн төсөв суусан. Тиймээс цар тахлын хуулиар долоодугаар сарын 1-нээс зохицуулалт хийх боломж байгааг Сангийн яам мэдэгдсэн" хэмээн хариуллаа. 

Ингээд хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэх зохицуулалтын дагуу төслийг зүйл бүрээр нь хэлэлцэж, зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалаа. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, С.Чинзориг нар Төслийн 1 дүгээр зүйлийн “2021 оноос эхлэн тус бүр 9.5 хувьтай” гэснийг гэсний дараа “2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл тус бүр 9.5 хувь,” гэж, мөн зүйлийн “2021 оноос эхлэн 12.5 хувиас” гэснийг “ гэсний дараа “2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл 12.5 хувиас,” гэж тус тус нэмэх зарчмын зөрүүтэй санал гаргаж, санал хураахад хуралдаанд оролцсон гишүүд дэмжлээ. 

Ийнхүү хэлэлцээд хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлэв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.