Эрдэмтэд дэлхийн нийтийн тамхины хэрэглээний талаарх 30 жилийн статистикийг гаргажээ
Тавдугаар сарын 31-нд тэмдэглэдэг Дэлхийн тамхигүй өдрийг угтан “The Lancet” сэтгүүл 1990-2019 оны хоорондох дэлхийн нийтийн тамхины хэрэглээний талаарх судалгааны тоймыг нийтэлжээ.
Энэхүү тоймд дэлхийн 204 орны тамхи, тамхины хэрэглээний статистик мэдээллүүдийг нарийвчлан шинжилжээ. Статистик мэдээллүүдийг “Global Burden of Disease Study, GBD” төслийн хүрээнд явуулсан 3625 санал асуулгаар цуглуулсан байна.
Мэдээллээс харахад тамхичдын тоо дэлхий даяар өссөөр байгаа бөгөөд 2019 онд 1.1 тэрбумд хүрсэн байна. Үүний зэрэгцээ тамхинаас шалтгаалсан 7.7 сая нас баралт бүртгэгдсэн бол эрэгтэйчүүдийн дунд таван хүн тутмын нэг нь тамхинаас үүдэлтэй өвчний улмаас нас баржээ.
Тамхины тахалтай тэмцэхийн тулд улс орнууд татварыг нь нэмэх зэргээр тамхитай үр дүнтэй тэмцэх бодлого хэрэгжүүлэх үүрэг амлалтаа биелүүлэх ёстой гэж судалгааг гаргагчид тэмдэглэсэн байна.
Дэлхийн улс орнуудын талаас илүү хувьд нь залуусын тамхины хэрэглээг бууруулахад ахиц гарахгүй байгаагийн зэрэгцээ 15-24 насныхны дунд тамхидалт өндөр байгаад эрдэмтэд ихээхэн түгшиж байна. Судалгаанд дурдсанаар, өдгөө дэлхий дээр таван эрэгтэй тутмын нэг, хорин эмэгтэй тутмын нэг нь тамхи татдаг бөгөөд арван тамхичин тутмын ес нь 25 нас хүрэхээсээ өмнө тамхи татаж эхэлжээ.
Тамхины сурталчилгааг хориглох, тэр дундаа олон нийтийн сүлжээнүүдээр дамжуулан тамхигүй орчин бүрдүүлэх нь залуусыг эрт тамхи татахаас урьдчилан сэргийлэх бол залуусыг никотины донтолтоос хамгаалснаар дараагийн үеийнхний дунд тамхины хэрэглээг устгахад чухал үүрэгтэй гэж судалгааг гаргагчид үзэж байна.
Хамгийн их “тамхидалттай” арван улсын тоонд БНХАУ, Энэтхэг, Индонези, АНУ, ОХУ, Бангладеш, Япон, Турк, Вьетнам болон Филиппин улс оржээ.
Тамхи татдаг хүмүүсийн дундаж наслалт огт татдаггүй хүнийхээс арван жилээр бага байгааг судалгаанд дурджээ. Түүнчлэн тамхи татдаг хоёр хүний нэг нь тамхитай шууд холбоотой шалтгаанаар нас бардаг байна. Нас баралтын гол шалтгаануудаар судалгааг гаргагчид зүрхний титэм судасны өвчин /2019 онд 1.7 сая хүн нас барсан/, уушгины архаг бөглөрөлт /1.6 сая/, гуурсан хоолой, уушгины хорт хавдар /1.3 сая/, тархины цус харвалтыг /нэг сая/ нэрлэжээ.
Насаараа тамхи татсан хүмүүсийн дунд нас баралт 87 хувьтай байгаа бол дор хаяж 15 жилийн өмнө тамхинаас гарсан хүмүүсийн ердөө 6 хувь нь нас барсныг эрдэмтэд онцлоод, муу зуршлаа хаяхад хэзээ ч оройтдоггүй гэдгийг тэмдэглэсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.